Хятадын Чунчин хот Улаанбаатарт хэрэгжих төслүүдэд хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-05-09 17:06:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Чунчин хотын захиргаа, худалдаа, бизнесийн төлөөлөл манай улсад ирээд байна.


Машин үйлдвэрлэл, технологи, санхүүгийн томоохон төв тус хот манай улсын нийслэлд хэрэгжих хөгжлийн төслүүдэд хамтран ажиллахаар боллоо. Хамтын ажиллагааг нийслэлээс “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК хэрэгжүүлэх бөгөөд өнөөдөр хоёр тал буюу Чунчин хотын Худалдаа, аж үйлдвэр, хөрөнгө оруулалтын танхимтай хамтран ажиллах санамж бичиг байгуулав.


Тодруулбал, Чунчин хотын “Чунцин Чянь-И трэйдинг” компанийн ерөнхий захирал Ли Вэньжүн Улаанбаатар хотын нийтийн аж ахуйд хэрэгцээт төхөөрөмж, машин техник нийлүүлэхээр болсныг мэдээллээ. Ингэхдээ лизингээр хангаж, тоног төхөөрөмж худалдан авахад Хятадын тал шаардлагатай санхүүгийн дэмжлэг үзүүлэх юм.


Энэ талаар “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баярчимэгээс тодруулбал, “Бид хамтын ажиллагааны хүрээнд хот, нийтийн аж ахуйн машин механизмын парк шинэчлэлийг хийнэ. Гол нь энэ ажлыг гадаад, дотоодын хувийн хэвшил болон хөрөнгө оруулагч нартай хамтран, төсөвт ачаалал өгөхгүйгээр гүйцэтгэж хэрэгжүүлэх юм. Ийм боломжийг өнөөдөр нээж байна” гэлээ.


-Санхүүгийн дэмжлэг туслалцааг ямар арга замаар, яаж хэрэгжүүлэх вэ?

-Санамж бичиг дээр цааш нарийвчилж эх үүсвэр гаргах тал дээр ажлын хэсэг төлөвлөгөө гарган ажиллана. Хотын нийтийн аж ахуйн болон бусад салбарын техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг 100 хувь төсвөөс шийдэх боломжгүй байгаа учир урьдчилан төлөх, лизингээр нийлүүлэх саналыг бид Чунчин хотын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын гишүүн компаниудад тавьсан.


-Нийтийн аж ахуйн техник, тоног төхөөрөмж нийлүүлэхээс гадна Чунчин хотын технологийн шийдлүүдийг Монголд нэвтрүүлнэ гэж байна. Энд ямар шийдлүүд орж буйг тодруулна уу?

-Чунчин нь БНХАУ-ын төв захиргааны шууд удирдлагад байдаг 4 хотын нэг юм. Энэ утгаар аж үйдвэрлэл сайн хөгжсөн, санхүү болон технологийн төв хот юм. Технологийн шийдлийг үйлдвэрлэлтэйгээ холбож хослуулсан давуу талтай юм билээ. Тиймээс Улаанбаатарт нийлүүлэх техник, тоног төхөөрөмж нь тэргүүлэх технологийг шингээсэн, смарт шийдлүүдтэй, мөн ногоон үйлдвэрлэлийн хот гэдгээр бид хамтран ажиллаж байна. Нийслэлийн Засаг дарга энэ хотод айлчилж, Улаанбаатар хотын хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих чиглэлээр хамтран ажиллахаар болсон. Энэ нь Хятадын төлөөлөгчдийн айлчлал, уулзалтаар биелж байна гэв.


Чунчин хотын Худалдаа, аж үйлдвэр, хөрөнгө оруулалтын танхимын дэд ерөнхийлөгч Хун Жунжинь хэлэхдээ, “Бидний хамтын ажиллагаа Улаанбаатар болон Чунчин хоёр хот ах дүүгийн харилцаатай болсны суурин дээр, мөн Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын энэ оны 2 дугаар сард Чунчин хотод хийсэн айлчлал дээр тулгуурлан эхэлж байна” хэмээн онцоллоо. Тэрбээр, Улаанбаатар хотын нийтийн аж ахуйд хэрэгцээ шаардлагатай байгаа ус шүрчигч, цэвэрлэгээний зэрэг машин техник, нийтийн тээвэрт цахилгаан автобус нийлүүлж хангахаар болсныг мэдээллээ.

Гэрэл зургуудыг Н.Батбаяр

相关新闻