ТӨВ: Харилцаа холбооны газар 1923 онд сууриа тавьжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод /МОНЦАМЭ/. Төв аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой энэ онд
тохиож байгаа. Иймд тус аймгийн түүхэн товчооноос түүвэрлэн, цувралаар хүргэж
байна.
Төв аймгийн Холбооны газрын суурь Лүн сумын нутагт 1923 онд
тавигдаж байжээ. Дотоод яамны дэргэд
шуудан, цахилгаан харилцааны байгууллагыг тусгайлан байгуулж, тухайн оны 7 дугаар сард хуралдсан Намын II Их хурлаас Богдхан уулын аймагт шуудан холбооны салбар
хороо байгуулах болсноор аймгийн яаманд
телефон утас тавигдаж төвтэй холбоо барих нөхцөл бий болсон байна.
Анхны даргаар Дундговь аймгийн харьяат “Шар” /дууддаг
нэр/ Чимэдээс удаалан 23
даргын үе туулж, гавьяат холбоочин Р.Гаябазар, улаан тугийн одонт шуудан
хүргэгч Алтанбулаг сумын Д.Данзанчогдов, онц холбоочин 46, Алтан гадас одонт 8, хөдөлмөрийн хүндэт
медальт 15, “Харилцаа холбооны тэргүүний ажилтан” 70 гаруй төрөн гарсан байна.
Шуудангийн анхны эрхлэгчээр Ишгомбо ажиллаж байсан ба 2009 онд туурга тусгаарлахад Д.Цэнддорж, Н.Молорцэцэг нар удирдан ажиллажээ.
1942 оны 2 дугаар сард эсгий гэрт телефон аппарат 1, “Колхозной приемник” хүлээн авагч нэгтэй, 3 хүнтэйгээр аймгийн Холбооны салбар Зуунмодод нүүж иржээ.
1949 онд 60 номерын багтаамжтай 12 хэрэглэгчийн МБ
коммутатор, 1951 онд 100 хэрэглэгчийн УРТС-100 гар ажиллагаатай телефон станц,
нэмэлтээр ЦБ-40 станц тавьж ашиглаж ирсэн ба аймгийн Харилцаа холбоонд 1963 онд
алхмын системийн 500 хэрэглэгчийн АТС-54 ашиглалтад оруулж, хэрэглэгч
хоорондын холболтыг автоматаар хийдэг болжээ.
Үүнээс үүдэн Зуунмод хотод кабель шугам татаж, 1964 онд
Улаанбаатар-Зуунмодын хооронд ВС-3 маркийн 3 сувгийн, 1968 онд В-12-3
нягтруулгын төхөөрөмж тавьж, Нийслэл хоттой харилцах сувгийн тоог нэмэгдүүлж,
1981 онд координат системийн АТСК 100/2000 маркийн телефон станц монтажлагджээ.
Төв аймагт цахилгаан мэдээгээр үйлчлэх ажил 1942-1966 онд
морз аппаратаар дамжуулж байгаад 1967 онд үсгээр бичигч “СТ-35” аппаратаар
тоноглогдож жилд 60 гаруй мянган мэдээ нэвтрүүлж, цахилгаан холбоо түргэн
шуурхай, найдвартай болсон гэдэг.
Хөдөө нутгийг холбоожуулах ажил 1950-иад оноос эрчимжиж,
РС-25 радио станц, 20, 30, 50-80, 100 номерын багтаамжтай АТС, гар телефон
станцууд, ЖС-20 АТС утсан ба радио холбоотой болгож, 1982-1989 онд олонх сумын
станцыг АТС 50/100 станцаар сольж, бүх сум-нэгдэл, САА утсан ба радио холбоотой
болж 1990 он гэхэд Төв аймагт телефон станц 27, телефон цэг 2303, радио узель
29, бригадын холбоо 105 болжээ.
Анх 50 км дан шугамтай байсан бол 1971 онд Зуунмод-Эрдэнэ
сумдын хооронд боронз, ган шугам татаж, 1975 онд Баянцогт-Угтаал-Цээл сумдын
агаарын шугамыг ашиглалтанд оруулж, Өмнөговь, Дундговь аймгийн шугамыг Төв
аймгаар дамжуулан авдаг болж, дундын өсгөгч ПВ-12, эцсийн станц ОВ-12-3, ОВ-3-3
тавьжээ.
Ийнхүү Төв аймгийн Харилцаа холбоонд шинжлэх ухаан технологийн дэвшил
шуурхай нэвтэрч аймаг сум, хот хооронд төдийгүй дэлхийн олон улстай харилцах
нөхцөлийг бүрдүүлж байжээ.