ТӨВ: Номын баярын нээлтээр 1500 хүүхэд нэгэн зэрэг биеллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-05-08 15:29:26

Зуунмод /МОНЦАМЭ/. Төв аймаг үндэсний "Номын баяр-2023" үйл ажиллагааг өнөөдөр “Соёлын сэргэлт-2023” аяны нээлтийн үйл ажиллагаатай хамтатган Мөнх-Алдарын талбайд зохион байгууллаа. Энэ өдөр 1500 хүүхэд нэгэн зэрэг бий биелгээ хийж, үндэсний урлаг соёлоо түгээв.

Мөн үлгэрээр хүмүүжүүлье “Кино өдөр”-ийг Монголын болон дэлхийн сонгодог үлгэр, зохиолоор бага насныханд зориулж үзүүлэх, уншлага зохион байгууллаа.


Түүнчлэн Төв аймгийн Нийтийн номын сангаас “Босоо бичиг-Бидний бахархал” сэдэвт 140 ширхэг монгол бичгийн шинэ ном, Шидэт ном бүтээлийн үзэсгэлэн, 20 номын хожил, “Уран бичвэр” уралдааны бүтээлийн үзэсгэлэнг зохион байгуулж байна.


Төв аймгийн музейгээс уухайн төрөл, шагайн наадгайг заах, түргэн жороо хэллэг, калиграф бичгийн үйлчилгээг үзүүлж байна.


Монгол туургатан театраас жүжгийн хувцас хэрэглэлийн танилцуулга, ковер дуу, бий биелгээ хийх, уран уншлага зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж байгаа бол Чингис хаан музейгээс Номын сангийн танилцуулга, бүтээлийн үзэсгэлэнгүүд, Төв аймгийн Соёл урлагийн газраас керамик урлалын үзэсгэлэнг дэлгэв.


Харин 18-ны өдөр зохиолч уншигчдын уулзалт, 19-ний өдөр Зүүндэлгэр 4 дүгээр багт номын булан байгуулах зэрэг ажлыг төлөвлөжээ.


Үндэсний номын баярыг энэ жил 33 дахь удаагаа зохион байгуулаад уламжлал болж байна. Энэхүү баяр нь бүх нийтийн уншлагыг дэмжих, номын сангийн өв санг арвижуулах, үндэсний бичиг соёлыг сурталчлах, хүүхэд залууст ном эрдмийг түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.





相关新闻