ГОВЬ-АЛТАЙ: Тайшир сумын нутагт 62 газарт нийт 491 дурсгал бүртгэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Есөнбулаг /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутагт 62 газарт нийт 491 дурсгал бүртгэгджээ. Эдгээр дурсгалууд нь чулуун зэвсгийн үеэс 19-20 дугаар зууны зааг үе хүртэлх түүхийн үед холбогдох тухай ШУА-ийн Археологийн хүрээлэнгээс эрхлэн гаргасан Монгол орны археологийн дурсгал бүтээлд тэмдэглэжээ.
Тайшир суманд хамгийн их тархсан дурсгал бол хүрлийн үеийн булш, хиргисүүр юм. Тухайлбал, хиргисүр 42 газарт 203 байгаа бол олон төрлийн хэлбэр хэмжээтэй хүрлийн үед хамаарах булш 29 газарт 130, сагсай булш 13 газарт 80 бүртгэгдсэн байна. эдгээр хүрлийн үеийн дурсгалаас гадна чулуун зэвсэг 2, хадны зураг 3, хөшөө чулуу 19, руни бичээс 1, чулуун байгууламж 5, хүннү булш 49, хүрээ хийдийн туурь нэг бүртгэгдсэн байна.
Түүнчлэн тус сумын нутагт Дээд улаан, Баян сайрын ам, Шар дух, Янчилын ам, Мөрөнгийн овоо зэрэг голын хуурай сайр бүхий хөндий, хадархаг уулсын энгэр бэл, дундах ам, хөндийд орших газруудад хүрлийн үед холбогдох олон тооны булш, хиргисүүр бүхий томоохон дурсгалт газрууд бий.