СЭЛЭНГЭ: Аугаа их эх орны дайны ялалтын 78 жилийн ойг хамт тэмдэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-05-05 18:29:13

Сүхбаатар/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг даргын урилгаар ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн А.С.Цыденов, Засгийн газрын гишүүдийнхээ хамт Сэлэнгэ аймагт албан ёсны айлчлал хийж байна.


Тэрбээр өнөөдөр өглөө “Алтанбулаг худалдааны чөлөөт бүс”-ийн удирдлагуудтай уулзаж, санал солилцлоо. Үүнийхээ дараа Алтанбулаг суманд байрлах Зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл илэрхийллээ.

Эх орны дайнд ялалт байгуулсны 78 жилийн ойг Сэлэнгэ аймгийн хувьд аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржийн урилгаар хүрэлцэн ирсэн ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газрын тэргүүн А.С.Цыденов болон Орос, Буриадын элч төлөөлөгчдийн хамт өргөн бүрэлдэхүүнтэйгээр ёслол төгөлдөр тэмдэглэлээ.


Энэ өдөр дэлхийн ард түмний төлөө халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тэмцсэн Зөвлөлтийн эрэлхэг дайчдын эгнэшгүй баатарлаг гавьяаг дурсдаг. Хоёр орны хамтын ажиллагаа, ард түмний эв нэгдэл, харилцан ойлголцлыг улам бэхжүүлэх, залуу хойч үеийг цэрэг, эх оронч үзлээр хүмүүжүүлэхэд аугаа их ялалтын түүхэн баримт үнэний гэрч болдгоороо онцлогтой.


Энэ үеэр Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж: ”Өнөөдрийн бидний бүрэн бүтэн байдлыг сахин хамгаалж, амь биеэ үл хайрлан тулалдаж, атга шороо, алхам газрынхаа төлөө алтан амиа өргөсөн баатарлаг цэрэг эрс. Одоо энх тунх амьдарч байгаа ахмад үеийнхээ байгуулсан гавьяаг бид үеийн үед мөнхөд дуурсах учиртай.


Энэхүү түүхэн үйл явдал Ялалтын баярын үйл ажиллагааг Сэлэнгэ аймаг, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улстай хамтран тэмдэглээд олон жил болж байна. Бид дайны хүнд цаг үед ч, энхийн цагт өнөөг хүртэл хамтын найрсаг харилцаагаа хадгалж, улам өргөжүүлэн хөгжүүлэхэд идэвх санаачилгатай ажиллаж ирсэн ард түмэн билээ” хэмээв.


ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн А.С.Цыденов: ”Энд хүрэлцэн ирсэн та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Сэлэнгэ аймагт урилгаар ирсэндээ маш их баяртай байна. Орос, Монголын ард түмэн хамтдаа маш их бэрхшээлүүдийг даван туулсан. Манай дунд сургуулийн хүүхдүүд түүхийн хичээлээрээ дайны үед монголчууд ямар том тусламж үзүүлж ирснийг мэдэж авдаг. Бид түүхээ үнэнээр мэдэж байх нь маш их үнэтэй зүйл юм” хэмээв.


1945 оны тавдугаар сарын 9. Хүн төрөлхтөн хор уршгийг нь хэзээ ч үл мартах аймшигт дайны утаагаар дэлхийг нөмөрч, 70 сая хүний халуун амийг тасалсан дэлхийн хоёрдугаар дайн Европын бүс нутагт дуусч, фашист Герман олон улсын эв нэгдлийн хүчний өмнө үг дуугүй бууж өгсөн түүхт өдөр билээ.

Дэлхийн хоёрдугаар дайнд 61 улс орон, дэлхийн хүн амын 80 орчим хувь оролцож, 110 сая гаруй хүн цэргийн албанд татагдсан тоо баримт бий. Дайны нийт өртөг нь 1944 оны ханшаар триллион америк доллар болсон нь түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй дайн гэж тооцогддог.


Эх орны дайнд тэр үеийн ЗХУ хамгийн их хохирол амсаж, 27 сая хүний алтан амь үрэгдэж, том жижиг 1710 хот, 70 мянга гаруй тосгон суурин бүрэн болон хагас нуранги болж, 32 мянга орчим үйлдвэр аж ахуйн газар, 98 мянган сангийн аж ахуй, 1876 хамтрал шатаж, нурж сүйджээ.

Дайны жилүүдэд Монголын ард түмэн 740 гаруй вагоноос бүрдсэн 6 удаагийн бэлгийн цувааг фронтод хүргүүлсэн байдаг. 1941 оны 11 дүгээр сард Улаан армид зориулан Монголын ард түмний хуримтлуулсан бэлгийн анхны цувааг илгээсэн бөгөөд түүнд 15000 цэргийг хувцаслах нэхий дээл, эсгий гутал, үстэй бээлий, нэхий хантааз, цэрэг бүс, 6000 ширхэг ноосон цамц, 440 нэхий хөнжил зэрэг зүйл орсон байдаг.


Монголын ард түмний хөрөнгөөр үйлдвэрлэн бэлэглэсэн ”Хувьсгалт Монгол” танкийн цуваа. Танкийн цуваа байгуулах хөрөнгө цуглуулах ажлын хүрээнд 4,5 сая төгрөг, З00 кг алт, 100 000 америк долларыг ЗХУ-ын Гадаад худалдааны банканд урьдчилан шилжүүлсэн байна. Энэ бүхний үндсэн дээр танкийн цувааг ЗХУ-д үйлдвэрлэсэн Т-34 загварын 32, Т-70 загварын 21, бүгд 53 танкаар бүрдүүлэн байгуулжээ. Монголын ард түмнээс Зөвлөлтийн Улаан армид бэлэглэсэн бас нэг байлдааны техник бол “Монгол ард” нисэх онгоцны эскадриль байв. “Ла-5” загварын 12 нисэх онгоцноос бүрдсэн уг эскадриль гарамгай гавьяа байгуулсан учир ЗХУ-ын Байлдааны гавьяаны улаан тугийн болон Суворовын одонгоор шагнуулж байв.


Монголын ард түмэн дайны жилүүдэд фронтод зориулан 485,000 агт сайн морио нийлүүлжээ. Малчин ардууд 32,5 мянган адуугаа ЗХУ-д бэлэглэж байв. Орос цэргүүд монгол морийг өхөөрдөж “монголка” гэж нэрлэдэг байсан бөгөөд дайны үеийн зургаан морин дивизийг хангахад хүрэлцэж байжээ. Москва хотын төвд хүнд замыг туулж Берлин хүрсэн монгол морьдод зориулсан “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөг босгожээ.

 

 

相关新闻