ТӨВ: “Алтан үсэг”, “Уран бичвэр” уралдаан болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-05-05 20:01:55

Зуунмод /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигийн дагуу “Үндэсний бичиг үсгийн баяр”ыг өнөөдөр тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэхүү өдрийн хүрээнд Төв аймгийн нийтийн номын сангаас “Алтан үсэг”, “Уран бичвэр” уралдааныг зохион байгууллаа. Тус тэмцээнд 8 байгууллагын 24 албан хаагч, Ерөнхий боловсролын сургуулийн 11 сурагч оролцжээ.


“Алтан үсэг” тэмцээн нь хөтлөгчийн өгсөн үгсийг нэгэн зэрэг цаасан дээр бичин өргөж, буруу бичсэн оролцогчид хасагдах журмаар болсон байна. Тус тэмцээний тэргүүн байрыг Төв аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн мэргэжилтэн Б.Хишигтогтох, дэд байрт мөн тус байгууллагын мэргэжилтэн Ж. Түвшинсүрэн, гутгаар байрт Төв Чандмань ДЭХГ-ын мэргэжилтэн Ц.Батцэцэг нар тус тус эзлэв.


“Уран бичвэр” тэмцээнд нийт 11 сурагч бичвэрээ илгээсэн бөгөөд 5 сурагч хоёрдугаар шатанд оролцож 20 минутын хугацаанд монгол бичгээр өөрсдийн онцлогийг шингээн бичвэрийг гүйцэтгэв.


Тус тэмцээнд тэргүүн байрыг Зуунмод сумын 4 дүгээр сургуулийн 12а ангийн сурагч Ц.Хандмаа, дэд байрыг мөн тус ангийн сурагч Ц.Анужин, гутгаар байрыг Хүмүүн цогцолбор ахлах сургуулийн 12в ангийн сурагч Э.Анужин нар тус тус эзэлжээ.


Энэхүү тэмцээний талаар Төв аймгийн Нийтийн номын сангийн захирал Б. Зоригтбаатараас тодруулбал, “Монголчуудын оюуны соёлын давтагдашгүй өв, үндэсний монгол бичгийг нийтэд эзэмшүүлэх, хэрэглэх, бичиг соёлын дурсгалаа сурталчлах, ёс заншлаа эрхэмлэн дээдэлж өвлүүлэх хэрэгцээ бидэнд бий. Иймд тус шаардлага үндэслэлийн хүрээнд Ерөнхий боловсролын сургууль, төрийн албан хаагчдад эх хэлээ сурталчлан таниулах, сонирхолтой байдлаар хэл бичгийн чадвараа нэмэгдүүлэхэд нь дэмжлэг болж байна гэж харж байна” гэв.  


相关新闻