ӨМНӨГОВЬ: Монгол бичгийг давтан сургах сургалтад 1500 гаруй төрийн албан хаагч хамрагдлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад /МОНЦАМЭ/ "Хос бичигтэн Өмнөговь-2" аяныг хэрэгжүүлэх ажлын хүрээнд "Нутгийн хишиг" хөтөлбөрөөс санхүүжүүлэн монгол бичгийн сургалтыг төрийн албан хаагчдын дунд зохион байгууллаа.
"Төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирил болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулна" гэсэн монгол хэлний тухай хуулийн заалтыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах зорилгоор Хэлний бодлогын салбар зөвлөл, Төв архив хамтран Даланзадгад сумын албан байгууллагуудын архив, бичиг хэргийн ажилтнуудад "Байти" фонт ашиглан бичих сургалтыг үе шаттай зохион байгуулж байна.
Алба хаагчид сургалтаар галиглан бичих,
хичээнгүй бичих, унших,
хөрвүүлэх, нэрийн тийн ялгал зөв
дагуулах, тоог зөв бичих, цахим дээр шивэх зэрэг
чадварыг эзэмшинэ.
Өнөөдрийн байдлаар Даланзадгад сумын хэмжээнд 38 байгууллагын 980 төрийн албан хаагчийг монгол бичгийг давтан сургах сургалтад хамруулжээ.
Мөн сумд идэвхтэй хамрагдаж байгаа
бөгөөд 10 сумын 500 гаруй алба хаагч нарын дунд давтан сургалтыг эхлүүлээд
байна.
Өмнөговь аймгийн хэмжээнд ийнхүү нийт 1500 гаруй төрийн албан хаагч монгол бичгийг давтан сургах сургалтад бүрэн
хамрагджээ.
Өмнөговь аймгийн хэлний бодлогын зөвлөлийн нарийн бичиг Л.Цэцэгмаа
Аймгийн хувьд монгол хэлний тухай хууль, монгол бичгийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд "Хос бичигтэн Өмнөговь-2" аяныг зохион байгуулаад эрчимтэй явж байна. 2023 онд төрийн албан хаагчдынхаа монгол бичгийн мэдлэг, чадварыг дээшлүүлэхийг гол зорилгоо болгон төлөвлөөд ажиллаж байна. Яагаад гэхээр 2021 онд хэлний бодлогын зөвлөлөөс бүх аймаг, улсын хэмжээнд төрийн албан хаагчдаас монгол бичгийн шалгалт авсан. Харин манай аймаг энэ шалгалтад нэлээн доогуур дүнтэй шалгагдсан. Тиймээс бид түвшнээ ахиулах зорилгоор монгол хэл бичгийн багш нарт цалин урамшууллыг нь өгөөд төрийн албан хаагч нарт монгол бичгийг давтан сургах үйл ажиллагаа хэрэгжиж байна.
Монгол хэлний багш нарыг төрийн байгууллагуудад хуваарилан
анхан болон дунд, ахисан шатны гэсэн 3 үе шаттайгаар зохион байгуулсан. Нийт алба хаагчдын 50-иас дээш хувь нь анхан
шатны давтан сургалтад хамрагдаж байна. Ер нь 2025 оноос эхлэн албан бичгийг хос бичгээр бичиж эхлэхтэй холбогдуулан
туршилтын үйл ажиллагаа эхэлсэн байгаа. Тиймээс байгууллагуудын бичиг хэрэг,
архивын ажилтнуудыг түлхүү сургалтад хамруулсан.