Өнөө цагийг өнгөлж яваа ОХУ-ын уран гулгагчид Монголд
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-аар овоглодог, дэлхийд данстай, Олимпод цуутай алдарт уран гулгагчид Монголд ирж үзүүлэх тоглолт хийх тухай чихэндээ итгэмгүй баярт мэдээ тархсанаас хойш спорт сонирхогчид хоног тоолон хүлээсээр өнөөдөртэй золгосон гэхэд хилсдэхгүй. Урьд өмнө нь энэ тухай мөрөөдөж л чаддаг байсан байх. Тэгвэл тэр алс холын мөрөөдөл бодитоор биеллээ олоход ганцхан хоног үлдлээ.
Үнэндээ
ОХУ-ын уран гулгалтын одод Монголд үзүүлэх тоглолт хийх болсон нь Монголын
спортын том үйл явдлын нэгд зүй ёсоор тооцогдоно. Тэгээд ч уран гулгалтын
спортын түүхийг бичиж, улам төгөлдөржүүлэн бүтээгчдийг манлайлагчид нь яах
аргагүй ОХУ-ын уран гулгагчид байдагтай хэн ч маргахгүй биз.
ОХУ-ын шилдэг тамирчдын уран гулгалтын шоу-тоглолт "Мөсөн өргөө"-д маргааш болно. Он дамжин яригдаж, дуулиан тарьж, хүмүүсийн хүсэн хүлээж байсан баярт мөч цаг хормоор хэмжигдэх тусам хүмүүсийн сэтгэл хөөрөл дээд цэгтээ хүрч байгаа нь тодорхой.
Засгийн
газрын хэрэгжүүлэгч агентлаг-Биеийн тамир, спортын улсын хороо /БТСУХ/ хөрш
орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор өнгөрсөн жилийн дундаас
эхлээд яриа хэлэлцээр хийж ирсний үр дүн ийнхүү гарч байна.
БТСУХ,
“Стэп Арэна” ХХК хамтран энэхүү шоу тоглолт болон уран гулгалтын мастер класс
арга хэмжээнд ОХУ-ын олимп, дэлхий, Европ, Азийн уран гулгалтын аварга,
медальтнууд оролцож, ганцаарчилсан, хосын, бүжгийн төрлөөр үзүүлбэр үзүүлэхээр болсон.
Тухайлбал,
ганцаарчилсан төрлөөр Олимпын аварга, Европын аварга Камила Валиева, Дэлхийн
болон Европын аварга Елизабета Туктамышева, Европын аварга Евгений Семененко,
Дмитрий Алиев, хосын төрлөөр Европын 2 удаагийн аварга, олимпын мөнгөн медальт
Евгения Тарасова, Владимир Морозов нар бидний зүрх сэтгэлийг хөглөж, нүдийг баясгана.
Энэ
удаагийн уран гулгалтын шоунд оролцох тамирчдаас танилцуулбал,
“Бээжин 2022” олимпын багийн төрлийн аварга, 2020 оны Европын аварга Камила Валиева,
2015 оны ДАШТ-ий алт, 2021 оны ДАШТ-ий мөнгө, 2015 оны ЕАШТ-ий аварга, 2013 оны ЕАШТ-ий хүрэл медальт, 2021 оны ДАШТ-ий багийн төрлийн аварга Елизавета Туктамышева,
Бүх Оросын УАШТ-ий 2021, 2022 оны аварга Софья Акатьева, Залуучуудын Гран при цуврал тэмцээний аварга Аделия Петросян,
“Бээжин 2022” олимпын багийн төрлийн аварга, 2022 оны ЕАШТ-ий аварга Маркс Кондратюк,
2021 оны ДАШТ-ий багийн төрлийн аварга, Бүр Оросын 2022 оны АШТ-ий аварга Евгений Семененко,
Бүх Оросын 2022 оны АШТ-ий мөнгөн медальт Петр Гуменник,
Европын хошой аварга,”Бээжин 2022” олимпын мөнгөн медальт Евгения Тарасова, Владимир Морозов,
“Бээжин 2022” олимпын хосын төрлийн хүрэл медальт, багийн төрлийн аварга, 2021 оны ДАШТ-ий алт, 2022 оны ЕАШТ-ий аварга Анастасия Мишина, Александр Галлянов,
2020 оны Европын аварга, 2019, 2022 оны ЕАШТ-ий хүрэл медальт Александра Бойкова, Дмитрий Козловский,
“Сочи-2014” олимпын багийн төрлийн аварга, бүжгийн төрлийн хүрэл медальт, “Бээжин 2022” олимпын багийн төрлийн аварга, бүжгийн төрлийн мөнгөн медальт, 2021 оны дэлхийн аварга, 2019 оны ДАШТ-ий мөнгө, ЕАШТ-ий 2012-2014, 2020, 2022 оны 2 алт, 2 мөнгө, 1 хүрэл медальт 2019, 2021 оны ДАШТ-ий багийн төрлийн алт, хүрэл медальт Виктория Синицына, Никита Кацалапов,
2018 оны ЕАШТ-ий алт, мөнгөн медальт Дмитрий Алиев
нарын 17 уран гулгагч мөсөн талбайд уран гоё үзүүлбэрээ толилуулна.
Нэрт
уран гулгагчидтай хамт зургаа авахуулж, гарын үсгийг нь ч авах боломжтой гэнэ
шүү.
Энэ
удаагийн уран гулгалтын шоу нийт 24 үзүүлбэртэй бөгөөд нэг өдөрт 12 үзүүлбэрийг
спорт сонирхогчдод үзүүлэх юм байна. Нэг өдрийн үзүүлбэр 2 цаг 15 минут үргэлжилнэ.
Хүсэн хүлээсэн Камила Валиева Монголд хөл тавилаа
Олимпын аварга, залуучуудын дэлхийн аварга, Европын аварга уран гулгагч Камила Валиева “Монголд уран гулгалт эрчимтэй хөгжих үндэс суурь тавигдаж байгаад баяртай байна. Монголын уран гулгагчид удахгүй олон улсын тэмцээнүүдэд оролцож, амжилт үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн “Middle Asian Daily News”-д ярьжээ.
Саяхан 17 нас хүрсэн Валиева “Бидний нөхөрлөл гуйвшгүй байж, бүгд хүчтэй байгаасай гэж би хүсэж байна. Та бүхэнтэй удахгүй Улаанбаатарт уулзъя” гэж байсан бол өчигдөр орой Улаанбаатарын төв талбайд авахуулсан зургаараа фенүүддээ мэндчилгээ дэвшүүлсэн байна.
ОХУ-ын аварга Софья Акатьева: Их сонирхолтой аялал байх болно
ОХУ-ын
аварга Софья Акатьева Монголын шоунд оролцох талаараа сэтгүүлчдэд “Монголд
хэзээ ч очиж байгаагүй. Ер нь гэрээсээ ийм хол анх удаа л явж үзэх гэж байна.
Улаанбаатар хот, монгол үзэгчид, "Мөсөн ордон" нь ямархуу болохыг хармаар байна.
Их сонирхолтой аялал байх болно. Одоо дасгалжуулагч нартайгаа хамт Монголд
үзүүлэх үзүүлбэрээ бэлтгэж байна” гэж байсан бол хамгийн сүүлд Монголд ирэхийнхээ
өмнөхөн “Телеграмм” сүлжээнд “Удахгүй би Монголд сонирхолтой аялал хийх болно.
Улаанбаатарт уулзацгаая” гэж фэнүүддээ мэндчилгээ дэвшүүлжээ.
Аделия Петросян: Монголд огт очиж байгаагүй болохоор шинэ
юм үзэх сайхан боломж
Тус
шоунд оролцох нэг тамирчин бол 15 настай Аделия Петросян. Тэр 2022 оны ОХУ-ын
АШТ-ий хүрэл медальт, ОХУ-ын Гран При тэмцээний аварга.
Аделия Петросян Монголд болох шоуны талаар “Монголын шоунд оролцоно шүү гэж надад маш эрт хэлсэн. Би сонсоод л баярласан. Монголд огт очиж байгаагүй болохоор шинэ юм үзэх сайхан боломж” хэмээн ярьж байв. Москвад төрсөн Аделия ганцаарчилсан гулгалтын өсөх ирээдүйтэй залуу тамирчин юм.
Тэрбээр тэмцээнүүд дээр дөрвөлсөн риттбергерийг амжилттай, цэвэр гүйцэтгэдэг.
Хос хоёр Никита Кацалапов, Виктория Синицина: Гоё
байх болно гэж бодож байна
Монгол
Улсад ирэх ОХУ-ын алдартай 16 уран гулгагч дунд уран гулгалтын бүжгийн
хос, олимп, дэлхийн аварга Никита Кацалапов, Виктория Синицина нар
багтаж байгаа. Тэд мөсөн талбайд төдийгүй амьдрал дээр хосууд юм.
Хос хоёр Монголын талаарх сэтгэгдлээ ийн хуваалцжээ.
Н.Кацалапов
“Маш их сонирхол татаж байгаа. Монголд битүү дээвэртэй, том супер ордонтой
гэсэн. Манай шигшээ баг бүгд уригдсан. Үнэнийг хэлэхэд, бид Монголд хоёр хоног
шоу болно гэдгээс өөр зүйл мэдэхгүй байна. Бүгд тус бүр хоёр үзүүлбэр үзүүлнэ.
Бас тэнд соёлын аялал, арга хэмжээтэй гэсэн. Хурдан очихсон гэж хүлээж байна.
Биднээс хэн нь ч Монголд урьд өмнө очиж байгаагүй байх. Гоё байх болно гэж
бодож байна” гэсэн бол В. Синицина “Монгол уул ихтэй. Хонь ихтэй гэж боддог”
гэжээ.
2022
оны Бээжингийн олимпын аваргын тааварт орж байсан тэд багийн төрөлд аваргалж
чадсан ч бүжгийн хосын төрөлд Францын бүжгийн хосод ялагдан мөнгөн медаль
зүүсэн юм.
Уран гулгагч Александр Галлямов, Анастасия Мишина нар хувьд монголчуудыг гайхшируулахыг хүсч байгаа
Бээжингийн олимпоор багийн төрөлд аваргалж, хосын төрөлд хүрэл медалийн эзэд болсон ирээдүйтэй залуу уран гулгагчид болох Оросын уран гулгагч Александр Галлямов, Анастасия Мишина нарын хувьд монголчуудыг гайхшируулахыг хүсэж байгаа гэнэ.
Энэ
талаараа 23 настай Александр Галлямов “Mатч ТВ”-д “Бид хоёр Улаанбаатарт болох
мөсөн шоунд оролцохоор болсон. Настя бид хоёр монголчуудыг гайхшируулахыг хүсэж
байна. Би өмнө нь Монголд очиж байгаагүй. Монголын ард түмэн, соёлтой танилцах
боломжийг хүлээж байна. Бидэнд үнэхээр сонирхолтой байгаа” хэмээн ярьжээ.
Елизавета Туктамышева монгол гаралтай гэнэ
Энэ бүсгүйн тухай ярих бас нэгэн учир шалтгаан байгаа нь нэр. Мөн түүний гарал сонирхол татна. Елизавета Туктамышева 1996 оны 12 дугаар сарын 17-нд Удмуртын Глазов хотод төрсөн. Яс үндэс нь удмурт, татар, орос гэсэн хэд хэдэн таамаглалтай. Түүний дасгалжуулагч Алексей Николаевич Мишин шавийнхаа Туктамышева хэмээх овгийн гарал үүслийн талаар ихэд сонирхдог байснаа хэлсэн байдаг.
Гэтэл
спортын алдартай сэтгүүлч Артур Вернер тамирчин бүсгүйн ургийн модыг судалж
үзээд, тэдний гэр бүл Монголын Тохтамыш хаанаас эхтэйг олж мэдсэн байна.
Тохтамыш
бол Алтан ордын хоёр хэсэг болох Цагаан орд, Хөх ордыг нэгтгэж нэгэн улс
болгосон Цагаан ордын сүүлчийн хан байв. Тэрээр Чингис хааны хамгийн том ач Орд
хааны удам юм. Орд хаан нь Зүчийн ууган хүү. Дасгалжуулагч Мишин үүний
дараа “Би агуу Чингис хааны удмыг дасгалжуулж байгаадаа баяртай байна” гэж
хэлж байсан юм.
Елизавета
Туктамышева гулгах ур чадвараас гадна мөсөн дээрх халуухан дүрээрээ спорт
сонирхогчдын анхаарлыг татдаг. 2018 онд Бритни Спирсийн "Toxic" дууны
аялгуун дор онгоцны үйлчлэгчийн дүрийг бүтээсэн нь одоо ч үзэгчдийн үзэх дуртай
номер хэвээр байна.
Мөсөн талбайн оддын шоуг Монголын уран гулгагч нээнэ
Мөсөн талбайн шоуг хүлээн авч, зохион явуулж буй орны уран гулгагч үзүүлэн тоглолтыг нээдэг олон улсын жишгийн дагуу Монголын уран гулгагч энэ удаагийн шоуг нээх юм байна. Харин үзэгчдэд сюрприз барих үүднээс түүний нэрийг нууцалж байгаа аж.
"Мөсөн өргөө" дэх уран гулгалтын шоу үнэхээр олныг хамарсан үйл явдал болж, суудал дүүрэн үзэгчтэй, спорт сонирхогчдын сэтгэлийн хөөрөл дээд цэгтээ тулж, уухайн түрлэг давалгаасан үзүүштэй цэнгэл болох нь ойлгомжтой. Тиймээс ч өнөөдрөөс дэлхийн уран гулгалтын оддын тоглолтыг дэргэдээс нь үзэх боломж олгосон БТСУХ-ны удирдлага хамт олон, бэлтгэл ажлыг амжилттай хийж байгаа ЗБХ, “Стэп Арэнa” ордны хамт олонд халуун баяр хүргэе гэсэн мэндчилгээнүүд сошиалаар тасралтгүй цувж байна.