ДЦУБ: Дэлхий “Эль-Нино” үзэгдэлд бэлтгэх ёстой

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2023-05-04 15:58:55

ЖЕНЕВ. /AFP/.  Ирэх саруудад “Эль-Нино” хэмээх байгалийн үзэгдэл болж, улмаар дэлхийн агаарын температур нэмэгдэж шинэ дээд үзүүлэлтүүд бүртгэгдэж болзошгүй байгааг НҮБ-ын цаг уурын байгууллагаас анхааруулжээ. 


“Эль-Нино үзэгдэл долоодугаар сарын сүүлчээс өмнөх болох магадлал 60 хувь, есдүгээр сарын сүүлчээс өмнө ажиглагдах магадлал 80 хувьтай байна гэж Дэлхийн цаг уурын байгууллага /ДЦУБ/ тооцоолсон байна. 


“Эл үзэгдэл дэлхийн өнцөг булан бүрд цаг уурын нөхцөлийг өөрчилнө” гэж ДЦУБ-ын бүс нутгийн цаг уурын урьдчилсан мэдээний газрын дарга Вилфран Муфума Окиа Женевт сэтгүүлчдэд мэдэгджээ. 


Дэлхийн зарим хэсэгт “Эль-Нино” үзэгдлээс үүдэлтэй ган гачиг болдог бол зарим хэсэгт нь хүчтэй аадар бороо ордог. Хэдэн жилд нэг удаа ажиглагддаг энэ үзэгдэл нь Номхон далайн халуун бүсийн гадаргын усны хэмийг эрс дээшлүүлдэг бөгөөд хамгийн сүүлд 2018-2019 онд ажиглагджээ.


Харин 2020 оноос уг үзэгдлийн эсрэг үзэгдэл болох “Ла-Нина” эхэлсэн байна. 


Гэсэн хэдий ч НҮБ-ын мэдэгдсэнээр, “Ла-Нина”-гийн зөөсгөрүүлэх нөлөө сүүлийн найман жилийн бараг тал гаруй хугацаанд нь үргэлжилсэн боловч сүүлийн найман жил цаг уурын ажиглалтын түүхэн дэх хамгийн дулаан жил байжээ. 


““Ла-Нина” дэлхийн температурын өсөлтөд түр зуурын тоормосны үүрэг гүйцэтгэсэн" гэж ДЦУБ-ын дарга Петтери Таалас мэдэгджээ. “Дэлхий ертөнц одоо “Эль-Нино” үзэгдэлд бэлтгэх ёстой” гэж тэрбээр хэлсэн байна. 

相关新闻