ТӨВ: Хүүхдийн урлагийн “Яргуй-2023” наадам 30 дахь жилдээ болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-05-04 15:55:22

Зуунмод /МОНЦАМЭ/. Хүүхдийн урлагийн “Яргуй-2023” наадмыг өнөөдөр 30 дахь жилдээ зохион байгуулж байна. Тус наадмыг Төв аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд энэ жил Төв аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулж төрөл, ангилал, цар хүрээгээ тэлжээ.


Энэ талаар зохион байгуулагчдаас тодруулбал, “Энэ жил урлагийн 8 төрөлд 26 сумын 840 авъяаслаг хүүхэд, багачууд өрсөлдөж байна. Насны ангиллын хувьд цэцэрлэгийн нас, 1-5 дугаар анги, 6-9 дүгээр анги, 10-12 дугаар анги гэсэн 4 ангиллаар оролцож байна. Урлагийн наадмын төрлийн хувьд гоцлол дуу, хамтлаг дуу, гоцлол бүжиг, хамтлаг бүжиг, найрал дуу, гоцлол хөгжим, хамтлаг хөгжим, язгуур урлагаар өрсөлдөж байна.


Энэхүү наадмыг хүүхэд өсвөр үеийнхэнд монгол үндэсний урлагийн их өв санг түгээн дэлгэрүүлэх, эзэмшүүлэх, өвлүүлэх, сурталчлах, тэдний авьяас чадварыг нээн хөгжүүлэх, харилцан суралцах, хамтран уран бүтээл туурвих, соёл урлаг, зан заншлаараа бахархах үзлийг төлөвшүүлэх, соёлын солилцоог хөгжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг. Тэмцээний ерөнхий дүн маргааш гарна” гэв.   

 



相关新闻