СҮХБААТАР: Соёлын бүтээлч үйлдвэрлэлээр дамжуулан аялал жуулчлалыг хөгжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт /МОНЦАМЭ/. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр аймгийн
Соёл, урлагийн газраас орон нутгийн болон бусад уран бүтээлчидтэй хамтран олон
төрлийн үзэсгэлэнг дэлгэж, нийтийн хүртээл болгож байгаа. Энэ удаад Монголын
арьсан урлагийн хөгжлийн холбоотой хамтран тус холбооны тэргүүн, зураач, СТА
Ч.Баярсайханы бүтээлээр “Монгол өв соёл” арьсан урлагийн үзэсгэлэнг 5 дугаар сарын 3, 4-ний өдрүүдэд Баруун-Урт
суманд дэлгэлээ.
Тэрбээр Сүхбаатар
аймагт анх удаа өөрийн бүтээлийн үзэсгэлэнгээ гаргаж байгаа нь энэ юм. Үзэсгэлэнд
түүний Сүхбаатарынханд зориулан ур ухаанаа шингээж хийсэн бүтээлүүд дэлгэгджээ.
Ингэж хэлдгийн учир нь тэрбээр хаана үзэсгэлэнгээ гаргахаас хамаарч, очиж буй
газар нутгийн онцлогт тохируулан бүтээлээ урлаж, сонгон авч ирдэг байна.
Сүхбаатар аймаг бол
хурдны өлгий нутаг. Тэд морио машид дээдэлж, хүндэтгэдэг ард түмэн. Тиймээс
морины соёлтой холбоотой бүтээл буюу уяачид наадам дамжин их явдаг учир
малгай, бүс, хөөргөө хийх зориулалт бүхий авдар, мөн монгол гэрийн авдар,
нутгийн уул ус, шүтээний зураг бүхий бүтээлүүдийг голлон урласан. Нөгөө талаар
бүтээлээрээ дамжуулан үндэсний өв соёлоо сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, хүүхэд
залуусыг арьсан урлагт татан оролцуулахад түлхэц болох зорилгоор зорин ирсэн
гэдгээ Ч.Баярсайхан ярилаа.
Аймгийн Засаг даргын
орлогч Г.Мөнхзаяа үзэсгэлэнгийн нээлтийн үеэр хэлсэн үгэндээ, Сүхбаатар аймаг
соёлын бүтээлч үйлдвэрлэлээр дамжуулан аялал жуулчлалыг хөгжүүлэх, цаашлаад
үйлдвэрлэл эрхлэгчид болоод орон нутгийн эдийн засгийг дэмжих чиглэлд анхаарч
ажиллаж байгаа. Тиймээс энэ үзэсгэлэн тус ажлыг хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй. Нөгөө
талаар орон нутгийн залуусыг энэ чиглэлээр сургах, туршлага судлуулах чиглэлээр
хамтран ажиллах боломжтой. Соёлын аялал жуулчлал гэдгийг хөгжүүлэхийн тулд
цаашид төрийн болон ТББ-уудтай нягт ойр ажиллах шаардлага бий гэв.
Үзэсгэлэнд гар урлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, ААНБ-ын төлөөллүүд урилгаар оролцсон. Арьсан урлалийн чиглэлээр 10 гаруй жил Баруун-Урт суманд үйл ажиллагаа явуулж байгаа "Баян шарга" цехийн хувьд ахуйн өргөн хэрэглээний 50 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа бөгөөд цаашид үйлдвэрлэлээ урлаг болгон хөгжүүлж, нарийн технологийг нэвтрүүлэхийн тулд арьсан урлалыг хөгжүүлэх холбооноос туршлага судлах, арга зүйн зөвлөгөө авах чиглэлээр хамтрах саналтай байгаагаа уламжилж байлаа.
Үзэсгэлэнг 5 дугаар сарын 5,6нд Сүхбаатар суманд дэлгэнэ.