ГОВЬ-АЛТАЙ: Сэтгэл зүйч, нийгмийн ажилтнуудыг сургагч багшаар бэлтгэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Есөнбулаг /МОНЦАМЭ/. Хүүхдийг Ивээх сангаас “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг бэхжүүлэх нь” төслийн сургалтыг Говь-Алтай аймагт зохион байгуулж байна.
Хүүхдийг Ивээх сангаас “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийг Говь-Алтай аймагт хэрэгжүүлж байгаа билээ. Төслийн хүрээнд эхний шатны сургалтыг Говь-Алтай аймагт тавдугаар сарын 1-7-нд зохион байгуулах юм. Сургалтад Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургууль, Дарви сумын сургуулийн, багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч нар оролцож сургуулийн орчинд сурч хөгжих үйл явцыг эрхэд суурилсан хандлагаар дэмжих арга зүйд суралцах тухай төслийн ажилтан М.Эрдэнэбилэг танилцууллаа.
Энэхүү сургалтаар сургуулийн сурч, хөгжих үйл явцыг эрхэд суурилсан хандлагаар дэмжих арга зүйд суралцах, сургуулийн багш ажилтнууд, эцэг эхчүүдийг сургах арга барил эзэмшүүлэх зорилготой аж. Сургалтыг Хүүхдийг Ивээх сангийн Хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн засаглал хөтөлбөрүүдийн менежер Э.Цолмон, Хүүхэд хамгааллын аргазүйн төвийн багийн ахлагч Ч.Мөнгөнтуяа, Говь-Алтай аймгийн салбарын төслийн ажилтан М.Эрдэнэбилэг нар удирдан явуулж байгаа юм.
Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн багш Г.Цэвэлмаа:
"Хүүхдийг Ивээх сангаас хэрэгжүүлж буй төсөлд манай сургууль хамрагдсанд маш их баяртай байна. Төсөл хэрэгжсэнээр сургуулийн орчин илүү аюулгүй, хүүхдэд ээлтэй, хөгжил хамгаалал сайжирна гэдэгт итгэлтэй байгаа. Бид төсөл хэрэгжүүлэгч баг хамт олонтой идэвх санаачилгатай хамтран ажиллах болно" гэв.
“Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төсөл хэрэгжих хугацаанд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 4-р сургууль, Дарви сумын ерөнхий боловсролын сургуулиудад 7 модуль сургалтын багц бэлтгэж, сургуулийн багш нар, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч нарыг сургах юм. Төслийн хүрээнд бэлтгэгдсэн эдгээр хүмүүс бусад багш, сургуулийн ажилтнууд, эцэг эхчүүдийг хүүхдийн сурч, хөгжих үйл явцыг эерэг аргаар хэрхэн дэмжихэд сургах, сургууль болон хамтарсан багийн хамтын ажиллагааг сайжруулан бэхжүүлэх, улмаар эцэг эх, асран хамгаалагчдыг хүүхэд хамгааллын асуудалд анхаарч, хүүхэд хамгаалалд идэвхтэй оролцдог болгоход сургаж, хамтарч ажиллах юм.