Боксчин Т.Энхтөр эхний ялалтаа авав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сонирхогчдын боксын ДАШТ энэ сарын 1-14-нд Узбекистаны Ташкент хотод зохиогдох бөгөөд 107 орны 538 тамирчин өрсөлдөж байгаа юм.
Эхний
өдрийн тоглолтын дараа БНСУ-ын баг гурав, Монгол, Туркменистан, Беларусь,
Эсватинигаас хоёр, ӨАБНУ, Хойд Македони, Палестин, Энэтхэг, Сьерра-Леон,
Тайланд, Афганистан, Хорват, АНЭУ, Ботсван, Япон, Хонконг, Пуэрто-Рико, Гана,
Тайвань, Болгар, Азербайжан, Молдав, Нигери, Индонез, Зимбабве, Марокко, Грек,
Герман, Фижи, Франц, Бурунди, Словени, Тонга улс тус бүр нэг боксчноо үзэгчдийн
суудалд шилжүүлээд байна.
Монголын
боксчдын салхийг 57 кг-ын жинд Азийн АШТ-ий алт, хүрэл медальт, дэлхийн оюутан
залуучуудын “Универсиад” наадмын аварга, ОУХМ Х.Энх-Амар хагалж, Туркийн
Батухан Чифтчид шүүгчдийн саналаар 1:4 гэсэн оноогоор ялагдаж, тэмцээнээ
өндөрлүүллээ.
Манай
хүнд жингийн тамирчин Х.Бекнур Боснийн Босняктай таарсан ч мөрний гэмтлийн
улмаас рингэнд гараагүй юм.
Харин
“Ташкент-2023” ДАШТ-ий 60 кг-ын жинд “Кёльн-2022” дэлхийн цом,
"Улаанбаатар-2019" залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт ОУХМ Т.Энхтөр эхний тулаанаа Палестины Анас Слейман Рихабтай хийж, 5:0 гэсэн онооны
илт давуугаар ялав.
Т.Энхтөр маргааш шилдэг 32-т энэ жингийн чансааны тэргүүн боксчин, 2021 Белградын ДАШТ-ий хүрэл медальт Доминиканы де Ла Крузтай нударга зөрүүлнэ.