Зарим уулзвараар тээврийн хэрэгслийг баруун гар тийш чөлөөтэй эргүүлэх талаар санал авна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-09-07 17:44:14

Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг удирдан зохион байгуулах “Ажлын хэсэг”-ийн ээлжит хуралдаанаар Улаанбаатар хотын зарим уулзвараар тээврийн хэрэгсэл баруун гар тийш чөлөөтэй эргэдэг болгох талаар хэлэлцлээ.

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын танилцуулснаар нийслэлийн хэмжээнд нийт 142 уулзвар байгаагаас 48 уулзвар нь баруун гар тийш чөлөөтэй эргэх боломжтой бөгөөд уулзвар нэвтрэхдээ тээврийн хэрэгсэл  гэрлэн дохио үл хамааран баруун гар тийш  чөлөөтэй эргэх нь уулзварын нэвтрэх чадварыг нэмэгдүүлнэ гэж үзэж байгаа юм. Мөн автозамын ачааллыг бууруулж,  дуу чимээ, агаарын бохирдлыг багасгахад нөлөөнө гэдгийг хэлэв.

Эхний ээлжинд Баруун 4 зам, Зүүн 4 зам, Саппорогийн уулзвар, Гэсэр сүмийн уулзварын эгнээг нэмэгдүүлэн турших боломжтой юм аж. Замын хөдөлгөөний энэ дүрмийг АНУ 1970-1982 оны хооронд, Канад улс 2003 онд 9 сарын хугацаанд нэвтрүүлж байжээ. Өнөөдийн байдлаар Герман, Франц, Польш улсад ийм дүрэм үйлчилж байгаа юм. Нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү ингэснээр зам тээврийн осол гарах эрсдэл үүсч болзошгүйг ч анхааруулаад, энэ талаар иргэдийн дунд нээлттэй санал асуулга явуулах үүрэг өглөө.

Ч.Ариунболд

相关新闻