Дулаан баригч зуухыг борлуулж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь аймгийн Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбоо гэр хорооллын айл өрхөд хэрэгтэй дулаан баригч зуухыг орон нутагт борлуулж эхэллээ.
Дээрх зуухыг “ГҮҮДШЭЙРИНГ” ХХК монгол айл өрхийн дулааны эрэлт хэрэгцээнд зориулж 2010 оноос үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд Улаанбаатар, Завхан аймагт үйлдвэрлэлээ явуулдаг аж.
“G-saver” нэртэй дулаан баригч бүтээгдэхүүн нь гал асах хугацааг уртасгадаг бөгөөд гал түлэх давтамж цөөрснөөр түлшний зардлыг 45 хувь хэмнэдэг, халсан агаарын урсгалыг сааруулж яндангаар алдагддаг дулааныг багасгаснаар зууханд бүрэн шаталт явагдаж агаарт дэгдэх хорт хийн хэмжээг бууруулдаг давуу талтай гэнэ.
“Дулаан баригч зуухны зах зээлийн үнэ нь 135 мянган төгрөг байдаг хэдий ч иргэдэд хямд өртгөөр борлуулах үүднээс олон улсын хүмүүнлэгийн “ГҮҮДНЭЙБОРС” байгууллага 99 мянган төгрөгийн санхүүжилтийг дааснаар орон нутгийн иргэдэд 36 мянган төгрөгөөр борлуулах боломж бүрдлээ. Бид сум болгонд нэг судалгааны ажилтан бэлтгэсэн. Судалгааны ажилтнуудаар дамжуулан Дорноговь аймагт нийт 3000 ширхэг борлуулахаас одоогоор 1300 ширхэгийг хүлээн аваад байгаа” гэж тус аймгийн ХААХХ-ны гүйцэтгэх захирал Д.Өнөрцэцэг ярилаа.
Х.Эрдэнэбулган