ДАРХАН-УУЛ: Шинэ орон сууцны үнэ 1 м.кв нь 3.5 сая төгрөгт хүрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-04-28 15:07:59

Дархан /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд 17 байршилд 1797 айлын нийтийн орон сууцны барилга барьж байна. Шинээр барьж буй орон сууцны 1 м.кв-ын үнэ стандарт, дундаж, бизнес ангиллын зэрэглэлээсээ шалтгаалан 2.150.000-3.500.000 төгрөгөөр борлуулж байна.


Дээрх 17 байршилд барьж буй барилгууд бүгд албаны ёсны зөвшөөрөлтэй барилгын ажлаа хийж байгаа бөгөөд эхний 60 айлын орон сууц энэ сарын 1-ний өдөр ашиглалтад оржээ.



Хамгийн эрэлттэй нь хоёр өрөө байр бөгөөд борлуулж буй байруудын 38 хувийг эзэлж байна. Харин гурван өрөө 19 хувь, дөрвөн өрөө 7 хувь, нэг өрөө 17 хувь, хаус буюу амины орон сууц болон түрээсийн орон сууц тус бүр 5 хувийг эзэлж байна.


Иргэд орон сууц худалдан авахдаа барилгын суурь тавигдаж эхлэхэд 10 хувь, хоёр болон түүнээс дээш давхар баригдаж эхлэхэд 15-20 орчим хувь, засал чимэглэл, гадна пасадны ажил хийж буй барилгад захиалга өгөх нь нэмэгддэг бол бүрэн ашиглалтад орсон барилгад зээлийн нөхцөлөөр орон сууц худалдан авах нь эрс нэмэгддэг ажээ.


Учир нь бэлэн төлөлтөөр орон сууц худалдан авах тохиолдол цөөн байдаг аж. Түүнчлэн шинээр барьж буй барилгын үнэ өсөх тусам хуучин барилгын үнэ дагаж өсөж буй судалгаа гарсан аж. Хуучин орон сууцууд зарагдах үедээ энгийн болон супер гэх тодотголтой завсар хийж, борлуулах үнийн дүнгээ өсгөдөг жишиг мөн тогтжээ.


Ташрамд Дархан-Уул аймгийн хэмжээнд орон сууцны 1м2 үнэ 2012 онд 1.000.000-1.100.000, 2022 онд 1.850.000-3.000.000 төгрөгөөр борлуулж байсан бол 2023 онд дээд үнэ нь 3.500.000 төгрөг болжээ. 

相关新闻