ГОВЬ-АЛТАЙ: Ээж хайрхан уулын байгалийн дурсгалт газарт загийн үр тарив
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Есөнбулаг /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн БОАЖГ-аас Цогт суманд орших Ээж хайрхан уулын байгалийн дурсгалт газарт загийн үр тарилаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар улсын хэмжээнд хэрэгжиж байгаа “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Говь-Алтай аймгийн Засаг даргын 108 сая мод тарьж ургуулах ажлын хүрээнд БОАЖГ, Цогт сумын ЗДТГ, Баянтоорой тосгоны захирагчийн алба хамтран Ээж хайрхан уулын байгалийн дурсгалт газрын аялал жуулчлалын түр отоглох цэгийг түшиглэн байгалийн сэргэн ургалтыг дэмжих зорилгоор загийн үр тарих ажлыг энэ өдрүүдэд өрнүүлсэн юм.
Энэ жил таван сая заг ургуулах зорилт тавин ажиллаж байна. Усалгааны асуудлыг шийдвэрлэх зорилгоор хоёр ширхэг усны нөөцийн сав байрлуулж намираа услалтын системээр усалгаа, арчилгааг хийж байна хэмээн Говь-Алтай аймгийн БОАЖГ-аас мэдээллээ.