ДАРХАН-УУЛ: Энэ жил нөөцийн махны худалдаанд зориулан 130 тн мах бэлтгэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан /МОНЦАМЭ/. Жил бүрийн хүн амын хүнсний хэрэгцээний махны тогтвортой хангамжийг бүрдүүлэх, үнийн өсөлтийг зохицуулах зорилгоор нөөцийн мах худалдаанд гаргадаг. Намар цагт бэлтгэсэн, гарал үүсэл, эрүүл ахуйн шаардлага хангасан, холбогдох лабораторийн дүгнэлтээр баталгаажсан махыг хүнсний дэлгүүрүүдээр дамжуулан худалддаг. Энэ жил нөөцийн махны худалдаанд зориулан 130 тн мах бэлтгэжээ.
Үүнээс гуравдугаар
сарын 15-наас дөрөвдүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх 40 хоногт 59.2 тн мах
нөөцийн махыг 41 хүнсний дэлгүүрт нийлүүлж худалджээ.
Өнгөрсөн хугацаанд нийлүүлсэн махыг ангилбал үхэр 26.3 тн, хонь 29.0 тн, ямаа 3.9 тн нийлүүлжээ. Яс, мах тэнцүү жижиглэн хөрөөдөж савласан нэг кг үхрийн мах 9200 төгрөг, хонины мах 8200 төгрөг, ямаа мах 7200 төгрөгөөр тус тус худалдаж байна.
Сүүлийн
хоёр жилийн хугацаанд “Дархан эрдэнэ мах комбинат” ХХК нөөцийн махны тендерт
шалгарч нийлүүлж байна. Одоогоор нөөцийн махны чанартай холбоотой гомдол, санал
ирээгүй аж.
Цаашид
хүнсний дэлгүүрүүд тухайн компанитай гэрээ байгуулж, нөөцийн мах худалдан
борлуулах боломжтой. Үнийн тухайд
өнгөрсөн жилийнхээс үхэр, хонь, ямааны мах 300 төгрөгөөр хямдарсан ажээ.