ДАРХАН-УУЛ: Цэрэг татлагыг энэ долоо хоногт зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-04-25 22:33:09

Дархан /МОНЦАМЭ/. Энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага дөрөвдүгээр сарын 27-29-ний өдрүүдэд Дархан суманд зохион байгуулна. Цэргийн зарлан авсан залуучууд Дархан Өргөө политехникийн коллежийн байранд харьяа багийн засаг даргын өгсөн хуваарийн дагуу очиж үзлэгт хамрагдах аж.

Цэрэг татлагын комиссоор орохдоо иргэний цахим үнэмлэх, гээгдүүлсэн тохиолдолд иргэний үнэмлэхийн лавлагаа авах, цэргийн үүрэгтний үнэмлэх, 3х4 харьцаатай хоёр хувь цээж зурагтай очно.

Цэрэг татлагын товчоогоор Монгол Улсын Цэргийн албаны тухай хуулийн дагуу 18-25 насны бүх эрчүүд орох бөгөөд иргэд өөрсдийн харьяа багтайгаа холбогдон зарлан дуудах хуудсаа авах ёстойг аймгийн цэргийн штабаас анхааруулж байна. Түүнчлэн цэргийн жинхэнэ албанд зарлан дуудах хуудас авсан иргэд цэрэг татлагын байранд өөрийн биеэр ирэх аж.

Хэрэв зарлан дуудах мэдэгдэл авсан боловч тогтоосон хугацаанд, заасан газарт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, цэрэг татлагаас зайлсхийсэн цэргийн үүрэгтэн, цэргийн насны иргэнийг Цэргийн албаны тухай холбогдох хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авах аж. Иймд цэргийн насны залуус та бүхнийг иргэний үүргээ биелүүлэн цэрэг татлагад идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

相关新闻