Хууль бусаар АНУ-д "очсон" Монголын палеонтологийн олдворуудыг буцаан авахад дэмжихийг хүсэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-04-21 15:28:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Соёлын сайд Ч.Номин АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Л.Буанганыг Соёлын яаманд энэ сарын 20-нд хүлээн авч уулзлаа. 


Ноён Ричард Буанган өнгөрсөн оны 10 дугаар сард Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдон ирсэн бөгөөд энэ удаагийн уулзалт нь Соёлын сайдтай хийж буй албан ёсны эхний уулзалт юм. Иймд, Соёлын сайд Ч.Номин ноён Элчин сайдтай биечлэн уулзаж, соёлын салбарын хамтын ажиллагааны асуудлаар өргөн хүрээнд ярилцах завшаан гарсанд талархаж буйгаа илэрхийлж, соёлын салбарт шинээр болон шинэчлэгдэн гарч буй хууль, эрх зүйн өөрчлөлтийн талаар мэдээлэл өглөө. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газар соёлын асуудал хариуцсан Төрийн захиргааны төв байгууллагыг бий болгосноор Соёлын яам соёлын өвийн асуудлыг чухалчлан үзэж, хилийн чанад дахь монгол соёлын өвийг сурвалжлан олох, судлах, нэгдсэн каталог хийх, эх орондоо эргүүлэн авах чиглэлээр бусад улс оронтой идэвхтэй хамтран ажиллаж байгаа талаар Соёлын сайд танилцууллаа. Улмаар Монгол гаралтай үлэг гүрвэлийн олдворуудыг буцаан авах ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран өргөн хүрээнд хэрэгжүүлж байгаа талаар хэлж, хууль бусаар АНУ-д очсон Монголын палеонтологийн олдворуудыг буцаан авах ажилд дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Мөн соёлын өв, өмчийн асуудлаар Засгийн газар хооронд идэвхтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд “Соёлын өмчийг хамгаалах тухай” Монгол Улс, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулахаар ажиллаж байгааг Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яам бүхий л талаар дэмжин ажиллахыг хүслээ.


Түүнчлэн Монголын урлагийн зөвлөл Дэлхийн хөшөө дурсгалын сангаар дамжуулан АНУ-ын Элчин сайдын нэрэмжит соёлын өвийг хамгаалах сангийн буцалтгүй тусламжаар Чойжин ламын сүм музейн Ядам сүмийг сэргээн засварлаж байгаа юм. Сэргээн засварлах ажил дуусаж байгаа бөгөөд энэхүү төслийг цаашид үргэлжлүүлж, соёлын өвийн сэргээн засварлалтын чиглэлд цаашид хамтран ажиллах сонирхолтой буйгаа Соёлын сайд илэрхийлсэн юм.


Уулзалтын төгсгөлд Соёлын сайд Ч.Номин ноён Элчин сайдтай уулзах завшаан тохиож, хоёр орны соёлын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон явдалд гүнээ талархаж, хоёр орны соёлын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд идэвхтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна хэмээв.

相关新闻