ГОВЬ-АЛТАЙ: Малчдын хүүхдүүдэд хүмүүнлэгийн тусламж хүргүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-04-17 10:47:03

Есөнбулаг /МОНЦАМЭ/. Хүүхдийг Ивээх Сан хүмүүнлэгийн тусламжийн хөтөлбөрийг зудад өртсөн орон нутгийн малчдын хүүхдүүдийн боловсрол, эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах зорилгоор Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлж байна. 


Төслийн хүрээнд Говь-Алтай аймгийн Жаргалан, Тонхил, Бугат, Алтай, Дарви болон Ховд, Завхан аймгийн зарим сум нийт 15 сумын малчдын хүүхдүүдэд эрүүл ахуйн багц, дотуур байруудад боловсролын багц, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, зөөлөн эдлэл, анхны тусламжийн багц өгч, амьжиргааны түвшнээс доогуур орлоготой зорилтот бүлгийн хүүхдүүдэд дулаан гутлаар тусламж үзүүллээ. Тусламжийн багцыг дөрөвдүгээр сарын 17-нд Говь-Алтай аймгийн Алтай хотод сумдын сургуулийн захирал, төлөөллүүдэд гардуулан өгсөн юм. 


Эдгээр 15 сумын дотуур байранд амьдардаг малчны 1030 хүүхэд болон сумын төвийн айлд болон бие даан амьдардаг малчны 644 хүүхдэд эрүүл ахуйн багц, сэтгэл зүйн анхны тусламжийн гарын авлагын хамт өгсөн юм. Эрүүл ахуйн багцад саван, алчуур, шампунь, оо, сойз, мөн охидын ариун цэврийн хэрэгсэл зэрэг зүйлүүд багтсан байна.

Зуд болсон ихэнх сум өвлийн улиралд хүйтэн тул малчдын хүүхдүүдэд дулаан гутал хэрэгцээтэй байдаг. Хүмүүнлэгийн тусламжаар олон ам бүлтэй айлын хүүхдүүд, өнчин, хагас өнчин, амьжиргааны түвшнээс доогуур орлоготой зорилтот бүлгийн 300 хүүхдэд дулаан гутал өгөв. Мөн Говь-Алтай, Завхан, Ховд аймгийн 15 сумын дотуур байр тус бүрд 400 ширхэг зөөлөн эдлэл хүргүүлж буй аж. Үүнд хөнжил, гудас, цагаан хэрэгсэл зэрэг зүйлүүд багтжээ. 


Хүмүүнлэгийн тусламжийн хөтөлбөрөөр 15 сургуулийн дотуур байрны хүүхдүүдэд зориулсан ном, тоглоом зэрэг зүйлсээс бүрдсэн боловсролын багц өгчээ. Мөн эдгээр газруудад хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүдийн тусламж үзүүлсэн бөгөөд анхны тусламжийн үед шаардлагатай боолт, шархны наалт, гурвалжин алчуур, халдваргүйжүүлэх уусмал, шарх халдваргүйжүүлэх тос зэрэг зүйлсээс бүрдсэн анхны тусламжийн багц мөн багтсан тухай Говь-Алтай аймаг дахь төслийн ажилтан М.Эрдэнэбилэг танилцууллаа.


2022-2023 оны өвөл Монгол орны нийт нутгийн 70 орчим хувьд өвөлжилт хүндэрч, олон мянган мал хорогдсон байна.  Зарим газар өвөл шөнөдөө -51, өдөртөө -37 хэм хүртэл хүйтэрч, малын бэлчээр, хашаа 40-50 см цасанд дарагдаж, олон мянган мал хорогджээ. Тиймээс Хүүхдийг Ивээх Сан Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр зудад өртсөн малчин өрхийн хүүхдүүдэд зориулсан хүмүүнлэгийн төсөл хэрэгжүүлсэн юм.

相关新闻