ОРХОН: Төвийн бүсийн 300 гаруй сувилагч чуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Монголын сувилагчдын нийгэмлэгээс энэ оныг “Сувилагчийн
эрхийг хамгаалах” жил болгон зарласан. Үүний хүрээнд
сувилагчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор
Төвийн бүсийн сувилагчдын уулзалт Орхон аймагт болж байна. Уулзалт, сургалтад
Дархан-Уул, Хөвсгөл, Булган, Төв, Орхон, Сэлэнгэ аймгийн
300 гаруй сувилагч оролцож байна.
Сургалтын үеэр Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал хэлэхдээ, “Эрүүл мэндийн салбарын гол ачааллыг нуруундаа үүрч яваа сувилагч нарт талархал дэвшүүлье. Орхон аймагт эрүүл мэндийн салбарт тодорхой хөрөнгө оруулалт хийж, эмч, эмнэлгийн ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажилладаг. Энэ хүрээнд “Эмч” дэд хөтөлбөр хэрэгжүүлж сүүлийн гурван жилд 200 гаруй сая төгрөгийг зарцуулсан” хэмээн онцоллоо.
Манай улс сувилагч, тусгай мэргэжилтний хомсдолд орж байгаа гэдгийг уулзалт, сургалтад оролцогчид хэлж байлаа. Улсын хэмжээнд 13773 сувилагч ажиллаж байна. Сувилагч мэргэжлийг сонгож суралцах хүүхдүүдийн тоо буурсан, мэргэжлийн үнэлэмж доогуур, цалин хөлс, нийгмийн баталгаа бага гэдэг шалтгаанаар хүний нөөцийн хомсдолд орж байгаа аж.
Энэ талаар
Уг уулзалт, сургалтыг "Монголын сувилагчдын нийгэмлэг", Орхон аймгийн ЗДТГ, Орхон аймаг
дахь БОЭТ, УИХ-ын гишүүн Д.Батлут, Ж.Чинбүрэн нар хамтран зохион байгуулж байна.