ДУНДГОВЬ: Багш нарын Эрдэм шинжилгээний хуралд Дундговь аймгийн багш нарын илтгэл тэргүүн байр эзлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь /МОНЦАМЭ/. Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс цахимаар зохион
байгуулсан 56 дахь удаагийн Эрдэм шинжилгээний хуралд 21 аймаг, 9 дүүргийн илтгэгч
багш нарын 30 баг оролцсоноос Дундговь аймгийн лаборатори Эрдмийн далай
цогцолбор сургуулийн багш нарын баг нэгдүгээр байр эзэлжээ.
Цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургууль, Мэргэжлийн
боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтны энэ удаагийн эрдэм
шинжилгээний хурлыг “Боловсрол дахь ёс зүйн асуудал, шийдэл” сэдвийн дор зохион
байгуулж байгаа ба аймгаас шалгарсан нэг баг илтгэлээ танилцуулж, оролцсон юм.
Тус эрдэм шинжилгээний хуралд оролцсон Эрдмийн далай цогцолбор сургуулийн багш А.Очирбат, О.Баясгалан, Г.Отгонсүрэн, Б.Пэрэнлэймаа нарын баг “Багшийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд “Soft skills”- ийн дотоод ур чадваруудаас санал болгох нь” сэдвийн хүрээнд судалгаа хийж, үр дүнгээ танилцуулжээ. /Soft skills-зөөлөн ур чадвар/
Судлаачид багшийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд
хэрэгцээтэй ур чадваруудыг санал болгож, сайжруулах боломжийг тодорхойлох
зорилгоор 11 сумын 100 багш, Эрдмийн далай цогцолбор сургуулийн 6-12 дугаар
ангийн 278 сурагчаас судалгаа авч, Фокус бүлгийн ярилцлага хийж, сургуулийн
сэтгэл зүйчийн тэмдэглэл, сургалтын менежерүүдийн ажиглалт, дүгнэлтэд дүн
шинжилгээ хийх замаар судалгааны мэдээллийг цуглуулсан байна.
БШУ-ы сайдын 2022 оны А/545 дугаар тушаалаар баталсан “Сургуулийн
өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтны мэргэжлийн
ёс зүйн дүрэм”-ийг судалгааны ажлынхаа үндэслэл болгон хүүхдийн танин мэдэхүйн
онцлог, ялгаатай байдал, нийгмийн байдал, суралцах чадвараар нь ялгаварлахгүй
байх, соёлын олон талт байдалд хүндэтгэлтэй, тэгш хандах, шинэ эрин үеийн
хүүхдүүдтэй харилцах тэднийг хөгжүүлэх хэрэгцээ байна хэмээн үзжээ.
Судалгааны дүнд суралцагчдын зүгээс зөвлөх, дэмжин туслах,
уян хатан харилцах, чиглүүлэх зэрэг зөөлөн ур чадваруудыг багшаас хүсч байгаа
тул багш энэ чадваруудыг, цаашлаад сурагчдынхаа оронд өөрийгөө тавьж түүнийг
ойлгох, хүндрэлтэй нөхцөлд тохируулж харьцах зөөлөн ур чадварыг хөгжүүлэх хэрэгцээ байгааг судлаачид онцолсон.
Багшийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх “Soft skills”-ийн ур чадваруудыг сайжруулахын тулд аймгийн багшийн ёс зүйн зөвлөл багшийн зөөлөн ур чадварыг дэмжиж, хөгжүүлэх, дадал болгох ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлэх, багшийн хөгжлийн төлөвлөгөөнд энэ асуудлыг тусган үнэлэх, сургуулийн дотоод журамд ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр өөрийн ур чадварыг хөгжүүлэх, ахиулах, үр дүнг үнэлэх заалт оруулах, энэ чиглэлээр багшийн мэргэжлийн хөгжлийн бүлгийг ажиллуулахыг дэмжих зэрэг санал, зөвлөмж гаргажээ.