Павел Милюков "Соло концертын үдэш" тоглолтоо хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГОрос-Монгол хоёр орны дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойн хүрээнд Дэлхийн хөгжмийн олон улсын хэмжээний шагналт, Москвагийн Филармоний гоцлол хийлч, нэрт хөгжимчин Павел Милюков Монголд анх удаа "Соло концертын үдэш" хэмээх сонгодог хийлийн тоглолтоо үзэгчдэд толилуулна.
Энэхүү тоглолтыг Гранат музык продакшн санаачлан Худалдаа хөгжлийн банк болон МИАТ ивээн тэтгэж, Монголын Урлагийн Зөвлөл, Төгөлдөр сан, Сэрж Меценат сан, Hi-Fi мюзикийн дэмжлэгтэй зохион байгуулах юм.
Тоглолтод Д.Шостакович Баярын симфони удиртгал, Ж.Бизе/П.Сарасате-Кармен дуурийн аялгуугаас сэдэвлэсэн Уран сэтгэмж, И.Брамс Хийлийн гоцлол болон Симфони найрал хөгжимд зориулсан алдарт I концерт эгшиглэнэ.
Тоглолтын тасалбар бельтаж 50 мянга, партер 75 мянга, VIP ложа болон партер 100 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд УДБЭТ-ын кассаар худалдаалж байна.
Павел Милюков 4 настайгаасаа хийл хөгжмөөр хичээллэж, 1991 онд 7 настайдаа анх симфони найрал хөгжимтэй гоцлол тоглож уран бүтээлийн гараагаа эхэлж байжээ. Тэрбээр Москвагийн Филармонийн гоцлол хийлчнээр ажиллаж байгаа бөгөөд 2014 оноос хойш ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины хөгжмийн урлагийн зөвлөхөөр ажиллан, Оросын ирээдүйн залуу хөгжимчдийн баг бүрэлдэхүүнийг ахлан удирддаг аж.
Мөн одоо Италийн XVII зууны нэрт утсан хөгжмийн мастер А.Гварнерийн "Ex-Szigeti" мастер хийлийг эзэмшин тоглодог. Энэхүү хийл нь дэлхийд 3 сая еврогоор үнэлэгдсэн Оросын томоохон урлагийн сангаар дамжуулан эзэмшүүлдэг гайхалтай үнэт хөгжим юм.
Тоглолт энэ сарын 09-нд УДБЭТ-ын тайзнаа болно.
Ж.Болор
Гэрэл зургийг Н.Батбаяр