ДУНДГОВЬ: “Уяхан замбуу тивийн наран” урлагийн наадмыг 8 дугаар сард зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас зарласан “Монголд зочлох жил”-д
Дундговь аймаг гадаад, дотоодын жуулчдыг татах хэд хэдэн томоохон үйл ажиллагааг
зохион байгуулахаар төлөвлөснийг аймгийн БОАЖГ-аас мэдээллээ.
Дуу хуур, өв соёлын өлгий Дундговь аймгийн хувьд “Уяхан замбуу тивийн наран” урлагийн наадам, “Адууны
өв соёл”, “Сэтгэшгүй оддын чуулган” зэрэг дуу хуур, өв соёл, зан заншил, ёс
уламжлал, газар нутгийн онцлогийг харуулсан аялал жуулчлалын цогц үйл
ажиллагааг брэнд болгож буй.
Тиймээс энэ жил уламжлал болсон дээрх үйл ажиллагааг
хэрэгжүүлэх ажээ. “Уяхан замбуу тивийн наран” урлагийн наадмыг анх удаа 2019
онд говь нутгийн үзэсгэлэн бүрдсэн Их газрын чулууны уулнаа зохион байгуулж,
3000 морин хуурч, уртын дууч нэгэн дор чуулж, тус аймгаас төрөн гарсан урлаг,
соёлын алдартан, дуучид ая дуугаа өргөн, өв соёлыг таниулсан. Энэхүү наадамд
10,0 гаруй мянган хүн цуглаж, говийн тэнгэр дор байгалийн үзэсгэлэн, урлагийн
гайхамшгийг тольдсон юм. Энэ жил тус наадмыг 8 дугаар сарын 10-11-нд зохион
байгуулах ажээ.
Харин “Сэтгэшгүй оддын чуулган” аяллыг 6 дугаар сарын 24-25-нд хийхээр төлөвлөөд байна. Говь нутгийн нам гүм орчныг сонгон байрлах “Говь Каравансерай” амралтын газарт байрлан од эрхэс, зурхайн ордуудтай илүү дотно танилцаж, шөнийн оддыг тусгай дурангаар харж, маш ховор тохиох Санчир, Бархасбадь, Ангараг, Сугар, Буд гаргуудын нэг шугамд жагсаж буй мөчийг ажиглах ховорхон боломжийг энэхүү аялал олгодог онцлогтой. Түүнчлэн аялалд оролцогчид Цагаан суварга байгалийн үзэсгэлэнт цохио дээрээс нар мандахыг харж, Дэл уулнаа хадгалагдах хүн төрөлхтний түүхийн болон соёлын үнэтэй дурсгал, байгалийн түүхэн музей, галарейг үзэж сонирхдог.
Харин “Адууны өв соёл” наадам нь монгол адууны гайхамшиг,
нүүдэлчин түмний адуу маллах өв соёлыг сурталчлах, хүүхэд залуучуудад таниулах,
өвлүүлэх зорилготой бөгөөд энэ үеэр гүүний үрс гаргах, унага тамгалах, хул
залах ёслол, адууны өв соёл, эдлэл хэрэгсэл, ардын урлагийн тоглолтыг үзэж
сонирхон, “Адуучин” тэмцээн, дэмбээ, талын хуруу гаргах, айраг уух, бөхийн
барилдаан, “Сайхан хос морьтон” шалгаруулах уралдаан зэргийг явуулдаг. Энэхүү
наадмыг 9 дүгээр сарын 10-11-нд зохион байгуулах ажээ.
Өнгөрсөн жил тус аймаг аялал жуулчлалын салбар, түүнийг
дагалдах үйлчилгээг хөгжүүлэх зорилгоор “Дундговьд төвлөрцгөөе” аялал жуулчлалын
форумыг анх удаа зохион байгуулж, энэхүү салбарыг хөгжүүлэхэд орон нутгийн нөөц
боломжийг тодорхойлж, цаашдын чиглэл, зорилт, арга замыг хэлэлцсэн юм.
Энэхүү форумаас орон нутгийн онцлог, байгалийн үзэсгэлэнт
газрууд, өв соёл, түүхэн уламжлал, ёс заншилд тулгуурласан аялал жуулчлалын “брэнд”
бий болгох, мэдээллийн урсгалыг сайжруулах, нэгдсэн зохион байгуулалтад орох, орон
нутгийн үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг борлуулах цэг байгуулах зэрэг ажлыг
төлөвлөн хэрэгжүүлж буй. Тиймээс “Дундговьд үйлдвэрлэв” дэлгүүр, Аялал
жуулчлалын мэдээллийн төв байгуулсан ба нэгдсэн мэдээллийн хөтөч бүхий гар
утасны аппликэйшн гаргахаар ажиллаж байна.
Түүнчлэн 2023 онд говь нутгийн өв соёл, танин мэдэхүй,
түүх, оюун санаа, язгуурын ай савын судалгаа хийх, Аялал жуулчлалын мэдээллийн
төвийг тохижуулах, тэмдэг тэмдэглэгээ хийх, “Монголд зочлох жил”-ийн хүрээнд сургалт,
зөвлөгөөн зохион байгуулах зэрэг ажлыг төлөвлөжээ.