ХЭНТИЙ: Сумын эмнэлгийн өргөтгөлийг шинээр барина
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Бор-Өндөр /МОНЦАМЭ/. Бор-Өндөр сумын эмнэлэг нь анх 1981 онд нэг вагончикт гурван хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагааг эхлүүлж байсан бол одоо 60 ажилтантайгаар сумынхаа болон ойролцоох сумдын нийт 25000 гаруй иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цал алдалгүй, түргэн шуурхай хүргэж байна.
Тодруулбал, Гэмтэл согог засал, дотор, уламжлалт анагаах ухаан, эх барих эмэгтэйчүүд, мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээ, хүүхэд нярай, чих хамар хоолой гэсэн чиглэлээр үйлчилгээ үзүүлж байна.
2021 оноос эхлэн тус эмнэлэг бие даасан байдалд бүрэн шилжиж гүйцэтгэлээрээ санхүүждэг болсноор ажилчдынхаа цалинг 10-30 хувь нэмэгдүүлэн, жилд хоёр удаа гүйцэтгэлд суурилсан урамшууллыг олгож эмч, ажилтнуудынхаа нийгмийн асуудалд онцгойлон анхаарч ажиллаж байгаа юм. Үүнээс гадна хүний нөөцийн бодлогодоо анхаарч Өвөрхангай аймгаас мэс заслын эмч Н.Насанбатад байрных нь асуудалд дэмжлэг үзүүлж гэр бүлийнх нь хамт эмнэлэгтээ урин ажиллуулж байна.
Тус эмнэлгийн чадварлаг хамт олон дундаас 2021 онд Монгол Улсын Эрүүл мэндийн салбарын дээд шагнал “Алтанчагнуур”-аар Нэгдсэн эмнэлгийн дарга, гэмтэл согог заслын эмч А.Батбаатар, Анагаах ухааны доктор зэрэгтэй, Ахмад эмч Л.Мөнхбаяр, Монгол Улсын төрийн дээд шагнал Хүний гавьяат эмч, ахмад эмч С.Занаа нарыг шагнажээ.
Энэ онд улсын төсвийн 5,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар тус эмнэлгийн өргөтгөлийг шинээр барихаар болж, бэлтгэл ажил хийгдэж байна.