Гэрийн тэжээвэр амьтдын асран хамгаалагчийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-04-07 11:03:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы энэ сарын 7-ны өдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Х.Нямбаатар, Ж.Сүхбаатар нарын өргөн мэдүүлсэн Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх хэлэлцүүлгийг явууллаа.


УИХ-ын гишүүн Б.Энхбаяр төсөл санаачлагчийн танилцуулгадаа "Өнөөдөр манай улсад 320 мянган эзэнгүй муур, нохой байна. Сүүлийн 100 гаруй жилийн турш эзэнгүй нохой, муурыг буудаж устгаж ирсэн. Улаанбаатар хотын хувьд жилдээ 100 мянган нохойг буудаж устгах төлөвлөгөө гарган ажилладаг. Үүнд жилдээ 1.8 тэрбум төгрөг төсөвлөдгийг төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа дурдаад, Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс хийсэн судалгаагаар хөрсний бохирдол, эзэнгүй муур, нохойг устгаж, хөрсөнд булж байгаа зэрэг нь халдварт өвчин дэгдэх үндсэн шалтгаан болж байна гэсэн дүгнэлт гаргасныг онцолсон. Тэрбээр “Дэлхийн 120 гаруй оронд гэрийн тэжээвэр амьтны хуультай. Хуулийн цаана нийгмийн эрүүл мэндийн шалтгаан, нөхцөл байна. Судалгаанаас үзэхэд орон сууцад амьдарч байгаа иргэдийн 12 хувь, гэр хорооллын өрхийн 50 гаруй хувь нь муур, нохойтой гэсэн дүн гарсан" гэж байлаа.


Монгол Улсад мал, гэрийн тэжээвэр амьтнаас бусад амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, түүний нөөцийг зохистой ашиглахтай холбоотой харилцааг Амьтны тухай хуулиар, мал, тэжээвэр амьтан (гахай, тахиа зэрэг ашиг шимийг нь ашиглахаар үржүүлж байгаа амьтан), зэрлэг амьтны эрүүл мэндийг хамгаалах, тэдгээрийн түүхий эд, бүтээгдэхүүний ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулиар тус тус зохицуулж байна. Харин гэрийн тэжээвэр амьтан буюу нохой, муур, тэдгээртэй адилтгах бусад амьтантай холбогдох асуудал одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжоор зохицуулагдаагүй үлджээ. Иймд гэрийн тэжээвэр амьтантай холбоотой харилцааг зохицуулахаар хуулийн төслийг 9 бүлэг, 52 зүйлтэйгээр боловсруулсан байна. Хуулийн төслийн зорилго нь гэрийн тэжээвэр амьтдын асран хамгаалагчийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлж, гэрийн тэжээвэр амьтдаас үүдэн нийгэмд гарч буй сөрөг үр дагавар, бусдын эрхийг зөрчих явдлыг бууруулах, нохой, муур үржүүлэх үйл ажиллагаанд хяналт, хариуцлагыг нэмэгдүүлэх, эзэнгүй амьтдын тоо толгой, гэрийн тэжээвэр амьтны эсрэг хүчирхийллийг бууруулахад оршино.


Энэхүү анхдагч хуулийн төсөл нь Монгол Улсад гэрийн тэжээвэр амьтантай холбоотой харилцааг зохицуулж байгаагүйгээрээ онцлог аж. 

相关新闻