Чуулган: 312 суманд төрийн албаны сул орон тоо бий гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн 2021, 2022 оны тайланг хэлэлцлээ.
Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, төрийн албаны төлөвшил, хөгжлийн өнөөгийн байдал, чадахуйн зарчмын хэрэгжилт, төрийн албан хаагчийн сахилга хариуцлага, ёс зүй, төрийн албаны сургалт, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр Төрийн албаны зөвлөлөөс 2022 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайланг танилцууллаа. Тайлант онд төрийн албаны ерөнхий шалгалтыг 2 удаа зохион байгуулснаар төрийн жинхэнэ албанд анх орох иргэний нөөц 3739-өөр нэмэгдэж, нийт 14000-д хүрсэн байна. 2019-2022 онд шүүхийн шийтгэх тогтоолоор нийтийн албанд томилогдох эрх нь хасагдсан нийт 579 иргэн санд бүртгэгдсэнээс 227 нь Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж, гэм буруутай нь тогтоогджээ. Эдгээр албан хаагчдыг төрийн албанаас чөлөөлөх хуулийн заалтыг хэрэгжүүлэн ажиллаж байна гэлээ.
Тайлантай холбогдуулж УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг 15-20 жил боловсрол, эрүүл мэндийн салбарт удирдах албан тушаалд ажилласан төрийн албан хаагч төрийн захиргааны албанд шилжихээр ахлах мэргэжилтэнтэй дүйцүүлж байна. Үүнийг ямар журмаар дүйцүүлсэн бэ, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хөлс, нийгмийн баталгааг хангах талаар ямар бодлого баримталж буй талаар асуусан. Төрийн албаны тухай хуулийн өөрчлөлтөөр төрийн тусгай, үйлчилгээний албан хаагчдыг төрийн захиргааны албан тушаалд адилтгах шийдвэр гарсан. Төрийн улс төрийн албан тушаалд ажилласан хугацааг төрийн захиргааны албан тушаалд ажилласан хугацаатай дүйцүүлэх, адилтгах гэсэн хоёр байдлаар зохицуулж байна. Төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалтнуудыг төрийн захиргааны албан тушаалд ажиллах боломжийг нээсэн хуулийн зохицуулалт буй болсон. Ажилласан жилийг бус, албан тушаалын ангилал зэрэглэлийг адилтгах байдлаар зохицуулсан жагсаалт бий.
Төрийн захиргаа, тусгай, үйлчилгээний албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх саналыг Төрийн албаны зөвлөлөөс Засгийн газарт илгээсэн. Засгийн газар хэлэлцээд, 2023 оны баталсан төсөвт багтаан төрийн албан хаагчдын цалинг урамшуулал, нэмэгдэл хөлс болон бусад байдлаар нэмэх зургаан төрлийн шийдвэр гаргасан. Гэхдээ нэмэгдлийн хэмжээ Төрийн албаны зөвлөлийн саналын хэмжээнд хүрээгүй. Харин 2024 оны төсөвт тусгаж авч үзэх байр суурийг Засгийн газар илэрхийлсэн гэж Төрийн албаны зөвлөлийн гишүүн С.Цэдэндамба хариуллаа. Мөн Төрийн алба цомхон чадварлаг байх бодлого баримталж байна. Гэхдээ хүн амын өсөлттэй холбогдуулан төрийн үйлчилгээ авч буй иргэдийн тоо нэмэгдэж буй учраас төрийн үйлчилгээний албан хаагчдыг цомхотгох бус чиг үүрэг тодорхой, үр дүнтэй байх чиглэлд анхаарч байгаа талаарх байр сууриа Төрийн албаны зөвлөл илэрхийлж байв.
Мөн орон нутагт хоёрдмол засаглалын зөрчлөөс шалтгаалан төрийн албан хаагчдын томилгооны асуудал нь нутгийн захиргааны эрх мэдлийг хүчгүйдүүлж байна. Энэхүү хоёрдмол засаглалыг хэрхэн цэгцлэх, төрийн албан хаагчдыг чадавхжуулах ямар сургалт хийж байгаа талаар болон хөдөө орон нутагт төрийн алба эзгүйдэж, сул орон тоо олон болсон. Төрийн албаны зөвлөл ерөнхий шалгалтын сонгон шалгаруулалтыг орон нутагт онцгойлон зохион байгуулах боломжийн талаар гишүүд асууж байв. Орон нутгийн захиргааг бэхжүүлэхийн тулд босоо удирдлагатай байгууллагуудын томилгоог нутгийн захиргаа зохион байгуулж, харин мэргэжил арга зүйн зөвлөгөөг төв байгууллагууд нь хариуцах тогтолцоонд шилжих саналыг Төрийн албаны зөвлөлөөс тавьж байгаа ажээ. Монгол Улсын 330 сумын 312 суманд нь төрийн албаны сул орон тоо бий гэнэ. Тиймээс Төрийн албаны зөвлөлөөс ирэх 5 дугаар сараас эхлэх сонгон шалгаруулалтыг онцлогтой явуулах боломжийг судалж байгаа талаар Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг танилцуулав. Өөрөөр хэлбэл, сонгон шалгаруулалтын 60 хувийг ярилцлага хэлбэрээр зохион байгуулахаар судалж буй аж. Өнөөдрийн байдлаар төрийн албаны сонгон шалгаруулалтад тэнцсэн 14165 иргэн байна. Эдгээр иргэд төрийн албаны туслах түмшэлийн 1700 төрлийн албанд ажиллах боломжтой юм байна.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Н.Энхбаяр нар төрийн алба цомхон, чадварлаг байх бус төрийн алба данхайж байгаа талаар шүүмжилж, төрийн албаны орон тоо нэмэгдэж байгаа шалтгааныг тодруулж байв. Энэ онд шинээр байгуулагдсан цэцэрлэг, сургууль, эрүүл мэнд, соёлын үйлчилгээний байгууллагуудад ажиллахаар төрийн үйлчилгээний 16659 албан хаагч нэмэгджээ. Улс төрийн албан тушаалтан 406 хүнээр цөөрсөн нь зөв эхлэл юм. Харин төрийн захиргаанд 998 орон тоо шинээр нэмэгдсэн нь нэг яам, хоёр агентлаг шинээр байгуулагдсантай холбоотой гэж ажлын албаны дарга Г.Билгүүн хариуллаа.