Ерөнхий боловсролын 859 сургуульд 893 нийгмийн ажилтан ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2023-04-06 10:48:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрөөс хүүхдийн сурч, хөгжихөд ээлтэй орчин бүрдүүлэх чиглэлээр анхаарч ажиллаж байгаа ч хүүхэд хамгааллын асуудлууд өнөөдөр тулгамдсан хэвээр байна.

 

Сургуулийн орчинд багш, суралцагч, эцэг эхийн бие биеэ хүндэтгэсэн, дэмжсэн харилцаа чухал. Анги хамт олны эерэг уур амьсгалыг бий болгох, хүүхдийг аливаа дарамт шахалтад өртүүлэхгүй, ялгаварлахгүй байх, тэдний оролцоог тэгш хангах, хөгжлийн онцлог, хэрэгцээнд нь нийцсэн эрүүл, аюулгүй ээлтэй орчин бүрдүүлж ажиллах ёстой. Энэ сэдвүүдийн хүрээнд нийгмийн ажилтнууд өнөөдөр зөвлөлдөж байна.

Зөвлөгөөний нээлтэд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга бөгөөд Хүүхдийн үндэсний зөвлөлийн дэд тэргүүн Д.Амарбаясгалан, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө нар оролцлоо. Албаны хүмүүс нээлтийн үйл ажиллагаанд хэлсэн үгэндээ сургуулийн хүүхдийн хөгжил хамгааллын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд сургуулийн нийгмийн ажилтнуудыг бүх талаар дэмжин, мэргэжил ур чадварыг нь хөгжүүлэх, ажлын ачааллыг бууруулах, бусад орны туршлага арга зүйгээс судлах, боломжийг нь нээж өгөх, хөдөлмөрийн үнэлэмжийг нь нэмэгдүүлэх чиглэлээр хамтарч, манлайлан ажиллахаа илэрхийллээ.
Зөвлөгөөнд нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, насан туршийн боловсролын төвийн нийт 320 нийгмийн ажилтан оролцож буй юм.

Монгол Улс 2000-2001 оны хичээлийн жилд сургуулийн нийгмийн ажилтныг бэлтгэж, ерөнхий боловсролын сургуульд хүүхдийн хөгжил, эрх хамгааллын мэргэжлийн үйлчилгээг нэвтрүүлсэн. Ерөнхий боловсролын 859 сургуульд нийт 893 нийгмийн ажилтан ажиллаж байна.

Боловсролын багц хуулийн шинэчлэлд сургуулийн орчинд хүүхдийн эрх, хамгааллын үйлчилгээ үзүүлэх зардлыг улсын болон орон нутгийн төсөвт тусгадаг байх зохицуулалтыг тусгаад байна.

Боловсролын багц хуультай уялдуулан ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтны хөдөлмөрийн норм нормативыг шинэчлэхээр төлөвлөсөн. Үүнд нийгмийн ажилтны ажил үйлчилгээний норм, хүрээ, хэмжээг шинэчлэн тодорхойлно.

Цэцэрлэг, сургуулийн багш, ажилтны мэргэжлийн хөгжлийг дэмжих журмыг боловсруулан хэлэлцүүлж байна. Энэ журам батлагдсанаар нийгмийн ажилтныг модуль сургалтад хамрагдах болон ажлын байрандаа тасралтгүй хөгжих нөхцөлийг бүрдүүлэх юм.




相关新闻