Нарны аймгийн гаднах гаргийн соронзон орноос үүссэн радио долгионыг барьж авчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
НЬЮ-ЙОРК. /NSF/. Гараг судлаачид Тэнгэрийн цэцэрлиг /Cetus, Cet/ одны ордод орших “YZ” одны соронзон орон энэхүү одыг тойрон эргэдэг хадархаг гаргийн соронзон мандалтай харилцан үйлчлэлд орсны дүнд үүссэн үе үе давтагдах радио долгионыг анх удаа барьж авчээ.
Энэхүү нээлт нь "дэлхийтэй төстэй" гаргууд соронзон оронтой байж магадгүйг харуулж байна гэж АНУ-ын Үндэсний шинжлэх ухааны сангийн (NSF) хэвлэлийн алба мэдээлсэн байна.
АНУ-ын Колорадогийн их сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан Себастьян Пинедагаар ахлуулсан гараг судлаачид нарны аймгийн гадна орших хадархаг гаргууд хангалттай хүчтэй соронзон оронтой байж болох анхны нотолгоог илрүүлсэн байна. Тэд энэхүү нээлтээ дэлхийгээс 12.1 гэрлийн жилийн алсад орших Тэнгэрийн цэцэрлиг одны ордын “YZ Ceti b” гаргийг ажиглах үеэрээ хийжээ.
“YZ Ceti b” нь “YZ” одоо харьцангуй ойр зайд тойрон эргэдэг бөгөөд энэ улаан одой одыг хоёр өдрийн дотор тойрон эргэдэг тул гадаргуу дээр нь маш өндөр температур зонхилох аж.
Пинеда болон түүний багийнхан газарт суурилсан “VLA” радио дуран авайгаар хийсэн ажиглалтынхаа үеэр “YZ” одны систем нь үе үе давтагдах ер бусын радио долгион ялгаруулж байгааг илрүүлжээ. Радио долгионы давтамж нь “YZ Ceti B” нь улаан одой одоо тойрон эргэж байгаа давтамжтай таарч байсан аж. Энэхүү радио долгион нь уг гаргийн соронзон мандал ба “YZ” одны соронзон орны харилцан үйлчлэлийн үр дүнд үүссэн болохыг радио долгионы спектрийн бүтцэд хийсэн дараагийн дүн шинжилгээ харуулжээ.
Үүний нэгэн адилаар өөрийн одоос харьцангуй ойр зайд орших бусад хад чулуурхаг гаргуудад соронзон орон байгаа эсэх ул мөрийг хайж болно гэж эрдэмтэд үзэж байна. Энэ нь эрдэмтдэд "дэлхийтэй төстэй" гаргууд тогтмол соронзон оронтой байх магадлалыг судлахад чухал ач холбогдолтой ажээ.
“Дэлхийтэй төстэй гаргуудыг хайхын тулд бид алс холын гаргууд дээр ус, агаар мандал, чулуулаг байгаа эсэхийг тодорхойлж чаддаг байх ёстойгоос гадна, соронзон оронтой эсэхийг нь үнэлж чаддаг байх хэрэгтэй. Эрдэмтдийн хийсэн ажиглалтууд “YZ Ceti b” гараг нь соронзон оронтой болохыг нотлоод зогсохгүй нарны аймгийн гаднах бусад гаргаас соронзон орон хайх замыг нээж өгсөн" гэж АНУ-ын Үндэсний Радио одон орон судлалын төвийн хөтөлбөрийн удирдагч Жо Пеше ярьсан байна.