ДАРХАН-УУЛ: Төрийн байгууллагын дарамтгүй, бүх төрлийн бизнесийн үйл ажиллагааг дэмжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-03-14 13:35:19

Дархан /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймаг мэдээлэл технологид суурилсан аж үйлдвэрийн ай ти технологийн төв болгохоор зорин ажиллаж байна. Энэ зорилтын хүрээнд Бурхантын хөндийд ай ти технологийн парк байгуулахаар газар, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Нийт 23 га газар хамрах учраас ай ти технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, ААНБ-уудад санал,  хүсэлт өгч ай ти технологийн парк байгуулахад хамтран ажиллахыг урьж байгаа ажээ.


Дээрх боломж хийгээд өөр бусад олон давуу тал байгаа талаар аймгийн Засаг дарга Б.Азжаргал Улаанбаатар хотод болсон “Хөдөөгийн сэргэлт” чуулганы үеэр мэдэгдсэн. Тэрбээр Дархан хот хүн амьдрах хамгийн таатай хот гэж хэлсэн. Түүний хэлсэн үгийг бататгах хэд хэдэн боломж, орчин, төлөвлөлтийн талаар хүргэе.


Боловсролын үйлчилгээгээ, чанар стандартыг сайжруулах зорилгоор хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургуулиудыг Дархан хотод салбар байгуулахыг уриалж байна. Боловсролын шинэчлэл, шинээр сургууль байгуулахад 4 га газар бэлэн байна гэж Засаг дарга Б.Азжаргал мэдэгдлээ.



Залуучуудын хот гэгддэг Дархан хотын хүн амын 66 хувь нь 35 хүртэлх насныхан. Тиймээс залуучуудын аялал, жуулчлалыг хөгжүүлсэн, энтертайнмент хот болгох зорилтыг мөн дэвшүүлсэн аж. Энэ зорилтын хүрээнд 50 га газрыг хотоос зайдуу газарт төлөвлөжээ.

Дархан-Уул аймаг эрчимжсэн газар тариалан, төмс, хүнсний ногоо тариалах боломжтой. Тиймээс засгийн газраас шийдвэр нь гарвал 5000 га газрыг иргэдэд дээрх чиглэлээр олгоход бэлэн аж.

Мөн үйлдвэр технологийн паркийн чиглэлээр 250 га газар төлөвлөсөн. Тиймээс Улаанбаатар хотод төвтэй 200-аас дээш ажилтантай үйлдвэрлэлийн салбарыг Дархан хотод барьж байгуулахаар бол ай ти технологийн паркт хуулийн хүрээнд газар олгоход бэлэн байгаа гэж аймгийн Засаг дарга мэдэгдлээ.


Дархан хотод үйл ажиллагаа явуулахаар ирж буй иргэн, ААНБ-д  төрийн байгууллагын зүгээс бүх тал дээр дэмжинэ. Бизнес хийх гэж буй бол үйлчилгээ, үйлдвэрлэлийн чиглэлээр бизнес хийх бүрэн боломжтойг дурдлаа. Тодруулбал төрийн дарамтгүй, бизнесийн бүх төрлийн үйл ажиллагааг дэмжинэ.






Авлига ашиг сонирхлоос ангид улсын тэргүүний аймаг болох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Ийм төрийн ямар ч үйлчилгээ авлига, ашиг сонирхлоос ангид байна гэдгийг индэр дээр хэлсэн үгэндээ онцоллоо.



Дээр дурдсан боломжуудыг ашиглаж, хийх боломжтой бизнесээ эхлүүлэхийг хүсвэл Дархан хотод тавтай морилохыг урьж байна. Тавигдах нэг шаардлагын тухайд орчны аюулгүй байдал болон хүнсний аюулгүй байдлыг сайтар хангуулахын тулд төрийн байгууллагаас шаардлага тавина. Бусад тохиолдолд бизнесийн бүхий л үйл ажиллагааг дэмжиж хамтарч ажиллахад бэлэн байгаагаа Дархан-Уул аймгийн Засаг дарга “Хөдөөгийн сэргэлт” чуулганы үеэр хэллээ.

相关新闻