Замын-Үүд дэх ложистикийн төвийн барилгын ажил эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-09-02 11:15:32

“Бүс нутгийн ложистикийн төвийг хөгжүүлэх МОН 2719/0240 төсөл”-ийн хүрээнд баригдах Ложистикийн төвийн барилга угсралтын ажлыг эхлүүлэх ёслол Дорноговь аймгийн Замын-Үүд боомтод өнөөдөр боллоо.

Уг ёслолд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, УБТЗ ХНН-ийн дарга Л.Пүрэвбаатар болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Монгол Улсын импорт, экспорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээг нэмэгдүүлж, эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх чухал ач холбогдолтой уг төслийг санхүүжүүлэх зорилгоор Засгийн газар Азийн хөгжлийн банктай санхүүжилтийн гэрээ байгуулсан юм. Ингэснээр төслийн нийт өртөг болох 71.6 сая ам.долларын 60 гаруй хувь буюу 40 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, 5 сая ам.долларын буцалтгүй тусламжийг АХБ санхүүжүүлэх болсон. Харин үлдсэн 26.6 сая ам.долларыг Монгол Улсын Засгийн газраас санхүүжүүлэх юм.

Хоёр жилийн хугацаатай хэрэгжих төслийн хүрээнд Замын-Үүд боомтын хяналт шалгалтын цэг, ачаа дамжин өнгөрүүлэх газрын ачааллыг багасгах, зохицуулах зорилгоор ачааны холимог тээврийн терминалын аж ахуй, ложистикийн үйлчилгээг бий болгох, авто замаас авто зам руу, авто замаас төмөр зам руу болон төмөр замаас авто зам руу ачих төмөр замын шилжүүлэн ачилтад зориулсан тоног төхөөрөмж, менежментийн системийг нэвтрүүлэх зэрэг терминал ложистикийн байгууламжийг байгуулах  ажлууд цогцоороо хийгдэх юм.

Нийт 128 га талбайг хамрах бөгөөд чингэлгийн, хүнд даацын, агуулахын гэсэн 3 бүстэй байхаар төлөвлөгдсөн ба 50 болон 70 тн даацтай гүүрэн кран, механизмын засварын төв, өргөн болон нарийн царигийн ачилт буулгалтын 11,5 км орчим төмөр зам, ложистикийн төв руу орох гарах төмөр замтай 2 түвшинд огтлолцох хүнд даацын тээврийн хэрэгсэл явах боломжтой гүүрэн байгууламж, 1,6 км авто зам тус тус барихаар төлөвлөгдсөн байна.

Тус ложистикийн төв нь баригдсанаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, барилга, уул уурхайн салбарын том оврын тоног төхөөрөмж болон манай улсын нутгаар дамжин өнгөрөх транзит ачааг шилжүүлэн ачих техникийн боломж нээгдэж байна. Энэ нь Монгол Улс төдийгүй бүс нутаг дахь тээврийн коридоруудтай манай улсын орц, гарц өрсөлдөх таатай боломжийг бүрдүүлэх юм.

Ложистикийн төв нь 24 цагийн үйл ажиллагаатай байх боломжтой бөгөөд 2-3 ээлжээр ажиллах бөгөөд хоногт 600 орчим вагон буюу 12 галт тэрэг БНХАУ-ын талаас хүлээн авч ачиж буулгах, шилжүүлэн ачилт хийх хүчин чадалтай байх ба 200 орчим хүний ажлын байр бий болно.

Н.Гантуяа

相关新闻