Уртын дууны олон улсын уралдааныг СУИС, Норовбанзад сантай хамтран зохион байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГМонгол Улсын Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Фукуокагийн Азийн соёлын шагналт, профессор Намжилын Норовбанзад гуайн нэрэмжит Уртын дуучдын олон улсын уралдаан, Уртын дууны баяр энэ сарын 7-9-нд Улаанбаатар хотноо болно.
Их дуучны мэндэлсний 85 насны ойг СУИС-ийн эрдмийн хамт олон, үр хүүхэд, шавь нар, анд нөхдийнх нь санаачлан байгуулсан “Норовбанзад” сантай хамтран тэмдэглэж, энэ хүрээнд Норовбанзад гуайн нэрэмжит олон улсын уртын дуучдын уралдааныг хоёр ангиллаар зохион байгуулж байна. Тэрээр СУИС-ийн уртын дууны багш нарыг бэлтгэх, сургалтын дэг тогтоох, хөтөлбөр боловсруулахад тулгын чулууг нь тулсан эрхэм хүн юм. Одоо СУИС-д түүний гарын шавь нар, тэдний шавь нар ажиллаж, багшийнхаа дэг, сургалтаар уртын дуучдын хойч үеийг бэлтгэж байгаа.
Багшийнхаа ойд зориулж Уртын дууны баярт Монголын болоод олон улсын нутаг нутгийн авьяастан, анд нөхөд, шавь нар, шүтэн бишрэгчид нь идэвх санаачилгатай оролцохоор бэлтгэж байна.
Олон улсын уртын дуучдын уралдааны бүртгэл энэ сарын 5-ны 14:00 цаг хүртэл СУИС-ийн 211 тоотод явагдах юм.
Н.Туяа