ӨМНӨГОВЬ: Мөсөн сурын харвааг анх удаа зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад /МОНЦАМЭ/ Ханбогд сумын сурын холбооны 20 жилийн ойд зориулан “Мөсөн сурын
харваа-2023”-г нээлттэй зохион явууллаа.
Ханбогд сумын хувьд үндэсний спортын төрлүүдийг хөгжүүлэх, түгээн
дэлгэрүүлэх, ирээдүй хойчдоо өвлүүлэн сурталчлах чиглэлээр тодорхой ажил тогтмол зохион байгуулдаг. Үүний үр дүнд
тус сумаас улс, аймгийн спортын мастер, гарамгай
мэргэд төрөн гарсаар байна.
Тус үйл ажиллагаанд Өмнөговь аймгийн Даланзадгад, Ханбогд сумын болон Дундговь, Дорноговь аймгийн нийт 20 гаруй харваач оролцож цэц мэргэнээ сорилоо. Мөсөн сурын харваанд Өмнөговь аймгийн харваач Ж.Мөнхболд 17 оноогоор тэргүүлсэн бол дэд байрт Дундговь аймгийн харьяат Монгол Улсын мэргэн, спортын мастер Б.Эрдэнэцогт, гутгаар байрт Ж.Билэгдэмбэрэл, тусгай байрт Н.Алтанхүү, С.Жаргалсайхан нар тус тус шалгарчээ.
Ханбогд сумын сурын холбооны тэргүүн Х.Жаргал:
Монгол Улсын хэмжээнд мөсөн сурын харваа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа. Ханбогд сумын сурын харвааны 20 жилийн ойд зориулан Өмнөговь аймгийн хэмжээнд “Мөсөн сурын харваа-2023”-г анх удаа зохион байгуулж байна. Өмнө нь огт энэ төрлөөр тэмцээн зохион байгуулж байгаагүй. Энэ утгаараа их онцлогтой.
Монгол Улсын мэргэн, спортын мастер Б.Эрдэнэцогт:
Энэхүү спорт нь говь нутагт сүүлийн гурван жилийн өмнөөс дэлгэрч, харваачид
их сонирхож эхэлсэн.
Хангай газраас гаралтай энэ харваа ийнхүү говьд
хөгжиж байгаад бидний хувьд их баяртай байна. Нийт сур харваачид болон сонирхож ирсэн түмэн
олондоо талархал илэрхийлье. Монгол үндэсний өв соёл уухайн түрлэгтэй өргөжин
дэвжиж байх болтугай.