ДОРНОГОВЬ: Дулааны шинэ эх үүсвэрийн станц барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-02-28 10:49:32

Сайншанд /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд хотод 8-10МВт-ын нарны дулааны эх үүсвэрийн станцыг ирэх жилээс барихаар болжээ.

Эрчим хүчний яам, Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хамтран  нарны эрчим хүчний эх үүсвэрийн төсөл боловсруулж НАМА Фасилити байгууллагад хүргүүлсэн бөгөөд 40 төслөөс шалгарсан Дорноговь аймагт “Цэвэр дулааны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, эрчим хүчний шилжилтийг дэмжих” төслийн санамж бичигт Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуун, “GGGI” байгууллагын суурин төлөөлөгч Аннака Петерсон, Дорноговь аймгийн засаг дарга О.Батжаргал нар оролцож гарын үсэг зурсан байна.

Монгол Улсад анх удаа хэрэгжих тус төслийн хүрээнд 23 сая ам.долларын буцалтгүй тусламжаар Дорноговь аймгийн Сайншанд хотод 8-10МВт-ын нарны дулааны эх үүсвэрийг 2023-2028 оны хооронд барьж байгуулах аж. Төслийн хүрээнд 45000 иргэн дулаан хангамжид холбогдож, 12000 орчим иргэн жилийн дөрвөн улиралд хэрэглээний халуун усыг цэвэр эх үүсвэрээс авах боломж бүрдэх бөгөөд ингэхдээ нарны хэсэгчилсэн дулааны станц байгуулах, ашиглах дотоодын чадавх, хүний нөөцийг 100 гаруй инженер, техникийн ажилчдаар нэмэгдүүлнэ гэж албаныхан онцлов.

相关新闻