СҮХБААТАР: Сүхбаатар аймгийн 2022 оны онцлох есөн эрхэм
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн сэтгүүлчдийн Талын түрлэг бүлгэмээс уламжлал
ёсоор туулай жилийн босгон
дээр Сүхбаатар аймгийн 2022 оны
ОНЦЛОХ есөн эрхмийг нэрлэж байна. Төрөлх
нутагтаа амьдран сууж, амжилттай хөдөлмөрлөж буй иргэдээс эхлээд тив алгасан,
алдар нэрээ цуурайтуулж буй эрхмүүдээс 2022 онд гаргасан амжилт болон нутгийн
иргэдийн саналыг харгалзан тодруулжээ.
1. “СУДАР ЭГШИГЛЭН” ТӨСЛИЙГ САНААЧЛАГЧ ВОЛООЖИЙН ЭНХТУЯА
МУСГЗ Г.Мэнд-Ооёогийн нэрэмжит Сүхбаатар аймгийн нийтийн номын сангийн номын санч В.Энхтуяа нь ном уншиж, тэмдэглэл бичих, уншсанаа бусадтай хуваалцах соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Судар эгшиглэн” төслийг санаачлан, хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулсан бөгөөд 2022 онд оролцогчдын тоо 10 дахин нэмэгдэж, нас насны 3000 орчим хүн хамрагдсан байна.
Түүнчлэн уралдааны нэр төрлөө нэмж, уншигчдын тэмдэглэл болон бүтээлүүдээр нийслэл хотод үндэсний хэмжээнд үзэсгэлэн гаргаж сурталчилсан юм. Уг төсөл нь зөв зохион байгуулалт, менежментээр хүний хөгжлийг хэрхэн үр дүнтэй дэмжиж болохын нэг загвар юм. Төслөөс гарах үр дүнг мөнгөөр хэмжишгүй бөгөөд өнөө маргаашдаа нүдэнд харагдахгүй ч ирээдүй хойчдоо үр өгөөжөө өгөх оюуны томоохон хөрөнгө оруулалт гэж олон нийт үнэлсэн байна. Иймд В.Энхтуяаг оны онцлох соён гэгээрүүлэгчээр нэрлэж байна.
2. ХӨДӨЛМӨРИЙН БААТАР НАВААНПЭРЭНЛЭЙН ЖАНЦАН
Ардын Их Хурлын депутат, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга асан, гавьяат хуульч Наваанпэрэнлэйн Жанцан Үндсэн хуулийн төслийг боловсруулах, хэлэлцэх, батлах, сахин хамгаалах үйлсэд 20 гаруй жил идэвх, санаачилгатай ажиллаж, Үндсэн хуулийн цэцийн дарга, орлогч дарга, гишүүнээр 26 жил ажилласан байна.
Түүний Үндсэн хуулийн цэцийг Монгол Улсад үүсгэн бий болгох, төлөвшүүлэхэд мэдлэг, боловсрол хичээл зүтгэлээ зориулан, Үндсэн хууль судлал, Монгол Улсын хууль, эрх зүйн тогтолцоог бэхжүүлэн хөгжүүлэх үйлсэд оруулсан жинтэй хувь нэмрийг нь үнэлэн 2022 онд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Хөдөлмөрийн баатрын “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагнасан юм. Иймд хөдөлмөрийн баатар Н.Жанцанг оны онцлох хуульчаар нэрлэж байна.
3. ШИГШЭЭ БАГИЙН ТАМИРЧИН ЭНХТАЙВАНЫ АРИУНБОЛД
Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын харьяат, Монголын Үндэсний Шигшээ багийн тамирчин, жудо бөхийн Олон улсын хэмжээний мастер Энхтайваны Ариунболд нь “Ташкент-2022”
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн амжилтаар 2022 оныг үдсэн, өсөж хөгжиж яваа, ирээдүйтэй залуу тамирчин. Тэрээр өмнө нь
“Zagreb grand prix”, “Wuhan cism world games”, “Paris grand slam” тэмцээнээс тус бүр хүрэл медаль тус тус хүртэж байсан юм. Иймд Э.Ариунболдыг оны онцлох тамирчнаар нэрлэж байна.
4. ШИЛДЭГ ДАСГАЛЖУУЛАГЧ ДОЛГОРМААГИЙН ТАСХҮҮ
Баруун-Урт Ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн биеийн тамирын багш Долгормаагийн Тасхүү нь 2021,
2022 онд дараалан Монгол Улсын өсвөр үеийн сагсан бөмбөгийн шилдэг дасгалжуулагчаар тодорсон бахдам амжилттай. Хичээлийн үндсэн хөтөлбөрөөс гадна “Сүхбаатар-нэг мөрөөдөл” клубийн дэргэд секц ажиллуулдаг бөгөөд бэлтгэсэн аймгийн шигшээ баг нь 2022 онд Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн нь Сүхбаатар аймгийн түүхэнд анхных болон тэмдэглэгджээ. Түүнчлэн шавь нараас нь U11,
U12, U16 насны ангилалд 3x3, 5х5 сагсан бөмбөгийн тэмцээнд 2-5 дугаар байрт орж, Бэлгэдлийн гарааны тоглогч, Шилдэг довтлогч, Шилдэг хамгаалагчаар тодорсон байна. Иймд Д.Тасхүүг оны онцлох дасгалжуулагчаар нэрлэж байна.
5. УЛСЫН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН ЖАМСРАНЖАВЫН ОТГОНБААТАР
Сүхбаатар аймгийн Халзан сумын Халзан шанд багийн малчин Ж.Отгонбаатар, Э.Гүндэгмаа нарын гэр бүл 2022 онд улсын аварга малчин алдрыг дахин хүртсэнээрээ хошой аварга болсон баярт мэдээ туулай жилийн босгон дээр нутаг усаар буухиалан түглээ. Малын тоо биш чанарыг чухалчилж, малынхаа тарга хүч, ашиг шимийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажилладаг энэ гэр бүл нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 40-өөс дээш насны гэр бүлүүдийг малжуулах төслийг Улсын аварга малчин өрх болсноосоо хойш санаачлан хэрэгжүүлсэн бөгөөд энэ төсөлд хамрагдсан малчдаас сүүлийн хоёр жил дараалан сумын сайн малчин төрсөн байна.
6. СЭТГҮҮЛЧ ЖАМСРАНГИЙН ЭРДЭНЭЦОГТ
Монголын Нууц товчоонд дурдагдсан Монголын ууган гурван овгийн нэг болох Хатагины гарал үүсэл, түүхийн үе шат, өв соёлыг судлах, цаашдын хөгжлийн асуудалд эрдэмтэн судлаачдын сонирхлыг чиглүүлэн, тэдний судалгааг нэгтгэж олон нийтэд хүргэх, Монголын Хатагинчуудын тахиж ирсэн Их хар сүлдний түүх болон тахих уламжлал, дэг жаягийн талаарх мэдээллийг нэгтгэх, хадгалан хамгаалах, Хатагины түүхтэй холбоотой уул ус, газар орны нэр, байршлын талаар судалгаа хийж тэмдэглэх, энэ тухай мэдээлэл, мэдлэгийг иргэд олон түмэн, хүүхэд сурагчдад түгээх, цуврал баримтат нэвтрүүлэг бэлтгэх зорилгоор “Хатагины уг сурвалж, үр сад” танин мэдэхүй- мэдлэг боловсрол-эрдэм шинжилгээний аяллыг санаачлан, анх удаа зохион байгуулсан
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын харьяат МҮОНТ-ийн Нэвтрүүлгийн зөвлөлийн гишүүн, сэтгүүлч Жамсрангийн Эрдэнэцогт нь өв соёлоо хамгаалж, түгээн дэлгэрүүлэх үйлсэд онцгой хувь нэмэр оруулсан хэмээн үзэж, оны онцлох судлаачаар зарлаж байна.
7. ДАРЬТ ШҮТЭЭН ХХК-ИЙН ЗАХИРАЛ БУЯНДАЛАЙН ЭНХЦЭЦЭГ
“Дарьт шүтээн” ХХК-ийн дэргэдэх “Баянтал” мах бэлтгэн нийлүүлэх үйлдвэр нь 2016 онд байгуулагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар хонь, үхрийн мах болон дайвар бүтээгдэхүүнүүдийг ангилж сортлоод, 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн бэлтгэн, худалдаалж байна. Сүхбаатар аймгаас гадна Өмнөговь аймагт салбар дэлгүүртэй. Мөн Улаанбаатар хотод зориулалтын хөргүүр бүхий хоёр агуулах байгуулж, гурван нэрийн дэлгүүр нээж, 10 гаруй ресторан, аж ахуйн нэгжид бүтээгдэхүүнээ нийлүүлэн, айл өрхүүдэд идэшний мах хайрцаглаж савлан, хүргэлт хийж үйлчилдэг байна.
Тус компани 2022 онд Иран, Узбекистан улс руу 30 мянга орчим хонь экспортолжээ. БНХАУ руу тав дахь жилдээ адууны мах бэлтгэн нийлүүлж байгаа. Орон нутгийн брэндийг бий болгож, мал аж ахуйн салбарын гол бүтээгдэхүүн болох махны борлуулалтыг дэмжин ажиллаж, экспортын орлогыг нэмэгдүүлэхэд оруулж буй хувь нэмрийг нь үнэлж, “Дарьт шүтээн” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Энхцэцэгийг оны онцлох бизнес эрхлэгчээр тодруулж байна.
8. МУСТА, ДУУЧИН ДОРЖИЙН ОСГОНБАЯР
Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уугуул, Үндэсний урлагийн их театрын гоцлол дуучин Доржийн Осгонбаяр нь 2022 онд Наран мандах нутаг бие даасан тайлан тоглолтоо нийслэлчүүдэд толилуусны дээр төрөлх нутгийнхаа 13 сумаар аялан тоглолт хийж, сүхбаатарчуудынхаа сонорыг мялаасан юм. Зүүн Монгол ардын болон үзэмчин, барга ястны зан заншил, түүх соёлын онцлог шингэсэн олон дууг тун эвлэгхэн дуулж үзэгч, сонсогчдод хүргэсэн тэрбээр улирагч онд мөн ардын дууны “Өөшгөө юу даа”, зохиолын дууны “Наран мандах нутаг” хос цомгоо хэвлүүлсэн билээ. Иймд хөдөлмөрч, залуу уран бүтээлчээ оны онцлох дуучнаар нэрлэж байна.
9. ДААМЧИН ЛХАГВАСҮРЭНГИЙН АНУЖИН
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр сургуулийн 3г ангийн сурагч, 100 буудалт даамын тамирчин Лхагвасүрэнгийн Анужин нь 2022 онд Турк улсын Анатолия хотод зохиогдсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, 8 хүртэлх насны ангилалд 4 дүгээр байр эзэлсэн тул оны онцлох хүүхдээр нэрлэж байна.
Тэрээр өнгөрөгч онд мөн Өсвөрийн аварга шалгаруулах улсын тэмцээнд 8-10 насны ангилалд 7 дугаар байр эзэлж, Даамын спортын 2-р зэрэг авсан юм. Түүний амжилтын буухиа 2023 онд үргэлжилж, “Алтанхүү” клубээс Улаанбаатар хотноо зохион байгуулсан Алтанхуяг баатрын нэрэмжит тэмцээнд 9-10 насны ангилалд 2-р байр эзэлж, даамын спортын 1 дүгээр зэрэг авснаар дэд мастер цолын болзол хангахад тун ойртоод байгаа аж. Өсөх ирээдүйтэй бяцхан даамчиндаа дэлхийн аварга болохыг ерөөе.