Улаанбаатарт зохион байгуулагдах "Дэлхийн экспортыг дэмжих форум"-ыг зарлах нээлт Женев хотноо боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар, Олон улсын худалдааны төв (Iinternational Trade Center) хамтран, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, Дэлхийн экспортыг дэмжих форум (World Export Development Forum)-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Форум “Ногоон худалдааг төрөлжүүлэх нь: Органик, дижитал, тогтвортой” сэдвийн хүрээнд ирэх 6 дугаар сарын 27-28-нд болно.
Дэлхийн экспортыг дэмжих форумыг зарлах нээлтийн үйл ажиллагаа 2 дугаар сарын 15-нд Швейцарийн Женев хотноо байрлах Олон улсын худалдааны төвийн байранд Улаанбаатарын цагаар 17.00 цагт болж, Женев хотноо төвтэй олон улсын байгууллагууд, дипломат төлөөлөгчийн газрууд, НҮБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч оролцлоо.
“Дэлхийн Экспортыг Дэмжих Форум (World Export Development
Forum)”-ыг Женев хотод төвтэй Олон улсын худалдааны төв (International Trade
Centre-ITC)-ийн дэмжлэг, оролцоотойгоор 1999 оноос жил бүр зохион байгуулж
ирсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд 19 оронд тухайн улсуудын Засгийн газартай
хамтран зохион байгуулжээ. Манай
улсад уг форумыг
зохион байгуулснаар:
- гадаад нэр хүнд өсөхөд эергээр нөлөөлж, экспортлогчид
бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ гадаад түнш, хөрөнгө оруулагчдад таниулан
сурталчлах,
- шинэ гэрээ хэлэлцээр байгуулах,
- дотоодын жижиг, дунд үйлдвэрүүд экспортын шинэ гарц, боломж олохоос гадна бизнес эрхлэгчид худалдааг дэмжигч олон улсын байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт, ярилцлага зохион байгуулах,
- экспортод тулгарч буй хүндрэл,
бэрхшээлийн талаар санал солилцох, бусад орны туршлагаас суралцах, харилцан
мэдээлэл солилцох зэрэг ач холбогдолтой юм.