Эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах зарлиг гаргалаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойн энэ өдөр Хархорум хот байгуулах тухай баримт бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн их танхимд боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосон зарлиг гаргав.
Зарлиг нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хүн амын төвлөрлийг сааруулах, бүс нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах болон төрт ёсныхоо үнэт өвийг бэхжүүлэх, түүх соёлоо сэргээх зорилготой юм.
Энэ хүрээнд:
- Орхоны хөндийн түүхэн дурсгалт газарт төр захиргаа, соёл, боловсрол, аялал жуулчлалд түшиглэсэн байгаль орчинд ээлтэй, орчин үеийн шийдлийг тусгасан Хархорум хот байгуулах асуудлыг судалж, хууль тогтоомжид нийцүүлэн судалгаа хийж, төсөл боловсруулан Улсын Их Хуралд өргөн барих;
- Хархорум хотын хөгжлийн ерөнхий төлөвлөлт, зам харилцаа, эрчим хүч, ус хангамж, инженерийн дэд бүтцийн Техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг судалгаа шинжилгээ, дэлхий хотуудын чиг хандлага, монгол орны газар нутгийн өвөрмөц байдал, түүх, соёлтой уялдуулан боловсруулах;
- Шинэ хот байгуулах бодлого, төлөвлөлттэй уялдуулан хот байгуулах болон хотын эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлд эрх зүйн шинэтгэл хийхийг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болголоо.
Мөн ЮНЕСКО-ийн Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн “Орхоны хөндийн соёлын дурсгалт газар”-ын өв, соёлыг хамгаалах, Монголын эзэнт гүрний эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах түүхэн үйл хэрэг, их бүтээн байгуулалтад манлайлан оролцохыг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад уриаллаа.
Хархорум хот байгуулах тухай зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Янгүгийн Содбаатар уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нар зарлигт гарын үсэг зурав.
Ташрамд мэдээлэхэд, Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотын туурь Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт оршдог. Хархорум хотыг Чингис хаан 1220 онд Монголын эзэнт гүрний нийслэл болгон байгуулж 1235 онд түүнийг залгамжлагч Өгөдэй хааны үед бүрэн барьж дуусжээ. Хархорум нь тухайн үеийн Монгол орны улс төр, эдийн засаг, соёл, засаг захиргаа, олон улсын харилцааны чухал төв болж байжээ. Хот нь 2 давхар шавар хэрмээр хамгаалагдсан дөрвөн талдаа хаалгатай. Хот руу ордог 4 хаалган дээр худалдаа наймаа эрхэлж байсан бөгөөд хойд талын хаалганы дэргэд адуу, зүүн хаалган дэргэд үр тариа, урд хаалганы дэргэд үхэр, тэрэг, баруун хаалган дэргэд хонь, ямаа худалдаалдаг байжээ. Хубилай хаан 1271 онд Юань улсыг байгуулж, Монголын шинэ нийслэлийг Бээжинд шилжүүлснээр хотын нэр хүнд, ач холбогдол нь буурсан төдийгүй 1379-1380 онд Мин улсын цэргүүд удаа дараалан уулгалан довтолж Хархорум хот 100 гаруй жилийн дараа аажмаар сүйрч нуржээ. Хархорум хотын туурийг 1971 онд улсын тусгай хамгаалалтад авч 1995-1997 онд ЮНЕСКО, Монгол, Японы засгийн газар хамтран Хархорум хотын туурийг хадгалж хамгаалах төслийг хэрэгжүүлж Хархорум хотын байршлын зургийг гаргаж хамгаалалтын бүсийг тогтоосон байна.