Чуулган: Цахим бирж байгуулснаар олон үнээр нүүрс борлуулдаг явдал цэгцэрнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Тус хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээр уул уурхайн компаниудын экспортод гаргах нүүрсийг Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийн цахим системээр дамжуулан арилжаалах нөхцөл бүрдэх юм. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар энэ тухайд хэлэлцүүлгийн үеэр хэлэхдээ уул уурхайн бүтээгдэхүүнийг тус биржээр борлуулсанаар бүх үйл явц нээлттэй болж хариуцлагажина. Түүнчлэн үнийн хувьд дэлхийн жишгээр борлуулах бололцоо бүрдэнэ гэж харж байна хэмээсэн. УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн ажлын хэсгийнхэнд хандаж “Манай улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй нүүрсний стандарт дэлхийн стандартыг хангах уу. Бид биржээр уул уурхайн бүтээгдэхүүн, тэр дундаа нүүрсээ борлуулах бол тавигдах шаардлага өндөрсөнө. Одоо хилээр гаргаж байгаа шигээ нүүрсийг хилээр гаргавал авах тал олдох уу” гэсэн асуултыг тавьсан. Монголын Хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал Х.Алтай “Цахим биржээр уул уурхайн бүтээгдэхүүн борлуулах асуудал яригдсантай холбоотойгоор хувийн хэвшлийн төлөөллүүд ирж уулзсан. Тэд ч мөн уг биржээр дамжуулан нүүрсээ борлуулах саналтай байгаагаа илэрхийлсэн. Гадныхан манай нүүрсийг худалдан авах тал дээр ямар нэг асуудал үүсэхгүй” гэлээ.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал “Олон улсад 204 таваарын бирж ажиллаж байна. Хөгжиж буй орнууд ийм төрлийн биржийг байгуулахдаа төрийн оролцоотойгоор ажлаа эхлүүлсэн байдаг. Манай улсын нүүрсний стандарт өмнө нь 14 төрлийн ангилалтай байсан. Энэ жил олон улсын жишигт тохируулж 30 ангилал руу оруулсан нь Хятадын талын ангилалтай дөхөж очсон. Эл стандартын дагуу нүүрсээ уул уурхайн бирж дээр борлуулна” гэсэн хариултыг өглөө. Мөн салбарын сайд Ж.Ганбаатар худалдан авагч тал дээр санаа зовох асуудалгүй гэдгийг тодотгоод нүүрсний чанарыг итгэмжлэгдсэн лаборатори тодорхойлдог. Хятадын талаас чанар тал дээр гомдол гаргадаггүй. Тус бирж байгуулагдсанаар олон үнээр нүүрс борлуулдаг явдал цэгцэрч, худалдан авагч талд асуудал илүү ойлгомжтой болж ирнэ гэсэн тайлбарийг хийлээ.