АХБ Азийн хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлтийн төсөөллийг бууруулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
МАНИЛА. /Nikkei/. Дэлхийн эдийн засгийн өсөлт саарч,
Украинд дайн үргэлжилж байгаатай холбоогоор Азийн хөгжиж буй орнуудын эдийн
засгийн өсөлт өмнөх төсөөллөөс буурах төлөвтэй байна гэж Азийн хөгжлийн банкны /АХБ/ шинэ тайланд тэмдэглэжээ.
Тодруулбал, АХБ Азийн
хөгжиж буй 46 орныг хамардаг бүс нутгийн 2023 оны өсөлтийн төсөөллийг 4.9-өөс
4.6 хувьд хүргэн бууруулсан байна. Тус бүс нутаг энэ онд 4.2 хувийн өсөлт
үзүүлэх төлөвтэй байгаа нь есдүгээр сарын төсөөллөөс /4.3 хувь/ үл ялиг буурчээ.
“Азийн хөгжиж буй
орнуудын эдийн засгийн сэргэх үйл явцад БНХАУ-д үе үе тогтоож буй хөл хорио,
Украины дайн, дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлөв байдал гэсэн гурван хүчин
зүйл үргэлжлэн сөргөөр нөлөөлөх хандлагатай байна” гэж АХБ-ын хэтийн төлөвийн
шинэ тайланд дурдсан байна.
Ингэснээр АХБ энэ
он гарсаар тус бүс нутгийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг гурав дахь удаагаа
бууруулжээ. Харин энэ оны инфляцын төсөөллийг 4.5 хувиас 4.4 хувьд хүргэж
бууруулсан бол ирэх оны үнийн өсөлтийн төсөөллийг 4.0 хувь байсныг 4.2 хувьд
хүргэж өсгөсөн байна.
АХБ-ны
мэдээлснээр, эдгээр төсөөллийг 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаарх буюу
Хятадад “COVID-19” халдвартай
тэмцэх хязгаарлалтуудыг сулруулж эхлэхээс долоо хоногийн өмнөх үеийн мэдээлэлд
тулгуурлан гаргажээ.
Шинэ
тайланд Хятадын эдийн засгийн ирэх оны төсөөллийг 4.5 хувиас 4.3 хувьд хүргэж
бууруулсан бол бүс нутагтаа Хятадын дараах хоёр дахь том эдийн засагт
тооцогддог Энэтхэгийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг 7.2 хувьд хэвээр үлдээсэн
байна.
АХБ Зүүн Өмнөд
Азийн эдийн засаг энэ онд 5.5 хувиар өснө гэж урьдчилан таамагласан нь өмнөх
төсөөллөөс /5.1 хувь/ өссөн үзүүлэлт болжээ. Гэсэн хэдий ч ирэх оныхыг 5.0 хувиас 4.7
хувьд хүргэж бууруулсан байна.