“Orion” хөлөг Номхон далайн усанд амжилттай газарджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
НЬЮ-ЙОРК. /VOA/. АНУ-ын сансар судлалын NASA агентлагийн “Orion” сансрын хөлөг Сарыг тойрон автомат нислэг хийх даалгаврыг амжилттай гүйцэтгэснийхээ дараа ням гарагт Номхон далайн усанд газарджээ.
Төрөл бүрийн мэдрэгчээр тоноглогдсон гурван хиймэл хүн бүхий сансрын хөлөг дэлхий рүү амжилттай буцаж ирснээр ирээдүйд Сар луу нисэх сансрын нисгэгчид эх дэлхийдээ аюулгүй эргэн ирэх боломжтой гэдгийг харууллаа гэж NASA онцолсон байна. “Orion” хөлөг Сарны тойрог замд 25 өдөр ажиллажээ.
Уг хөлгийг 11 дүгээр сарын 16-нд Флорида муж улсын Кеннедийн нэрэмжит Сансрын буудлаас “Space Launch System” хэт хүнд пуужингаар хөөргөсөн билээ. Шинэ үеийн энэхүү пуужин нь өдгөө хамгийн хүчин чадалтайд тооцогдож байгаа бөгөөд “Apollo” хөтөлбөрийн үед бүтээсэн “Saturn V” пуужингаас хойших NASA-гийн хамгийн том пуужин юм.
“SLS-Orion”-ы анхны нислэг нь “Apollo” хөтөлбөрийн үргэлжлэл “Artemis”-ийг эхлүүлж буй юм. Энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь энэ арван жилд сансрын нисэгчдийг Сар луу ахин илгээх, ирээдүйд хүн төрөлхтөн Ангараг гаргийг эзэмшихэд ашиглах баазыг Саран дээр байгуулах юм.
“Orion” хөлөг эх дэлхийдээ буцаж ирсэн өдөр АНУ-ын сансрын нисэгч Южин Сернан, Харрисон Шмитт нар Саран дээр хөл тавьсны 50 жилийн ойтой давхцсан байна. Тэд 1969 оноос хойш “Apollo” хөтөлбөрийн хүрээнд хийсэн зургаан нислэгээр Саран дээр алхсан NASA-гийн 12 сансрын нисэгчийн сүүлчийн хоёр нь байжээ.