“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг иргэдэд эзэмшүүлэхийг шаардав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ“Эрдэнэт үйлдвэр-Ард түмний өмч” хөдөлгөөнөөс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг иргэдэд хувьцаа хэлбэрээр эзэмшүүлэхийг УИХ, Засгийн газраас шаардаж, Орхон аймгийн 15 мянган иргэний гарын үсгийг цуглуулжээ.
Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын эзэмшлийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банкны охин компани болох “Монголын зэс” компанид шилжүүлсэн. Шинэ Засгийн газар энэхүү шийдвэрийг дахин нягталж, шалгах шаардлагатай хэмээн ажлын хэсэг байгуулсан. Улмаар тус үйлдвэрийн 49 хувийг “Монголын зэс” компанид эзэмшүүлэх өмнөх Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгон УИХ-аар хэлэлцүүлэх болсон юм. Харин “Эрдэнэт үйлдвэр-Ард түмний өмч” хөдөлгөөн “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ард түмэнд хувьцаа хэлбэрээр олгож, улмаар дотоодын аж ахуйн нэгжид боруулах эрхийг нь нээж өгөх хэрэгтэй хэмээн үзэж байгаа аж.
Тиймээс тус хөдөлгөөн УИХ, Засгийн Газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд шаардлага хүргүүлжээ.
Уг шаардлагад “Эрдэнэт үйлдвэрийн ОХУ-ын эзэмшил 49 хувийг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль дүрэм, хамтын үйлдвэрийн эрх зүйн баримт бичгийн хүрээнд "Монголын Зэс" ХХК худалдан авсан эсэх,
ОХУ-ын эзэмшиж байсан хувийг худалдаж авсан 400 сая ам.долларыг "Монголын Зэс" ХХК ямар эх үүсвэрээс хэрхэн бүрдүүлж гаргасан,
Худалдаа хөгжлийн банкны хөрөнгө оруулагчдын талаар албан ёсоор олон нийтэд мэдээлэл өгөх зэрэг асуулгуудыг тавьсан. Гэхдээ одоог хүртэл дээрх байгууллагууд тодорхой хариулт өгөөгүй учраас яаралтай албан тайлбар хийхийг шаардаж байна” гэжээ.
Ч.Ариунболд