ОРХОН: Эко ногоон хот байгуулж, хүлэмжийн хийг тэглэхэд чиглэсэн санамж бичиг байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-11-25 14:44:08
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүүхдийн сан, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар 2037 он хүртэл хэрэгжих харилцан ойлголцлын гурван талт санамж бичиг байгууллаа.

Санамж бичгийг  Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Монгол Улс дах НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан, Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал нар үзэглэлээ.  

Тус санамж бичиг нь Орхон аймгийн агаарын чанарыг сайжруулах, эко ногоон хот болгож, хүлэмжийн хийг тэглэхэд үйл ажиллагаа нь чиглэнэ. Түүнчлэн гэр бүл, хүүхдийн эрх, хөгжил хамгаалал, сурч боловсрох орчныг сайжруулах, хүүхэд эмэгтэйчүүд, жендэрийн ойлголтыг нэмэгдүүлэх зэрэг салбар бүрт чиглэсэн олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллана.

Санамж бичигт,

Эрүүл мэндийн чиглэлээр – хүүхдийн хоол тэжээлийн байдлыг сайжруулах, олон найрлагат бичил тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх, анхан шатны эрүүл мэндийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх

Боловсролын салбарт – Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн аюулгүй байдал, дасан зохицох байдлыг сайжруулахын тулд сургуулийн орчныг стандартад нийцүүлэх, сургуулийн өмнөх боловсролын багш нарын чадавхыг хөгжүүлэх, Цахим боловсролыг хөгжүүлэх, өсвөр насны хөгжил оролцоог нэмэгдүүлэх 

Хүүхэд хамгааллын чиглэлээр – хүүхэд хамгаалал нийгмийн үйлчилгээний ажилтнуудын чадавхыг нэмэгдүүлэх, хүүхдийн эсрэг үйлдэгддэг цахим болон оффлайн хүчирхийллийн талаар мэдлэгийг нэмэгдүүлж хандлага зан төлөвийг өөрчлөх 

Ус, ариун цэвэр, эрүүл ахуй, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр– Стандартын шаардлага хангасан ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн байгууламж бүхий үйлчилгээнд хамрагдсан хүн амын эзлэх хувийг нэмэгдүүлэхэд орон нутагт дэмжлэг үзүүлэх аж.

Мөн монгол гэрийн дулаагга халаалтын бүтээгдэхүүнийг гэрт амьдардаг айл өрхүүдэд нэвтрүүлэх, нүүрс хүчлийн хийн ялгарал багатай технологи нэвтрүүлэх төслийг хамтран хэрэгжүүлэх зэрэг 20 гаруй үйл ажиллагааг тусгажээ.

 

 

相关新闻