ДОРНОГОВЬ: Гурван ихэр хүүхдэд байрны батламж гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-11-15 15:46:04

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт энэ оны есдүгээр сарын 12-нд Сайншанд сумын иргэн Г.Эрдэнэбаяр гурав дахь төрөлтөөрөө гурван ихэр хүүхэд төрүүлсэн юм.


Түүний нөхөр Ж.Хүдэрчулуун хуульч мэргэжилтэй бол Г.Эрдэнэбаяр аймгийн ЗДТГ-т ажилладаг. Залуу гэр бүл хоёр хүүтэй байсан бөгөөд ихэр хүүхдүүдээ өлгийдөн авснаар ийн таван хүүтэй өнөр өтгөн айл болжээ.


"Хоёр хүү маань 10, 12 настай. Арван жилийн дараа дахин төрөхөд ихэр хүүхдүүд мэндэлсэнд маш их баяртай байна. Манай төрөл саданд ихрийн удам  бий бил үү гэж ч бодсон. Үнэхээр байхгүй юм билээ. Эхний үед хүүхдүүд маань зэрэг зэрэг уйлаад л нэлээн сандарч байсан.


Нөхөртэйгөө хамт ээлжлээд хуурайлдаг байлаа. Аавтай нь хамт нойргүй шахуу хонох өдрүүд олон байсан. Манай гэр бүлд гэнэтийн бэлэг байлаа” хэмээн Г.Эрдэнэбаяр өгүүлжээ.


Аймгийн Засаг дарга О.Батжаргал залуу гэр бүлийнд зочилж баяр хүргэн бяцхан үрсийн эрүүл, саруул өсөн торниход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Сайншанд хотод шинээр барьж байгаа гурван өрөө байрны батламж, мөнгөн урамшуулал гардуулсан байна.


Энэ оны 11 дүгээр сарын 11-ний  байдлаар Дорноговь аймагт 1089 хүүхэд шинээр мэндэлснээс ийнхүү анхны 3 ихэр хүүхэд төрж бүртгэгдсэн аж.

相关新闻