БАЯН-ӨЛГИЙ: БНХАУ-ын Алтай аймгийн удирдлагуудтай цахим уулзалт хийв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий
/МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн удирдлагууд БНХАУ-ын ШУӨЗО-ны Алтай аймгийн удирдлагуудтай
цахим уулзалт хийлээ.
Уулзалтад аймгийн
Засаг дарга Д.Бауыржан, Засаг даргын орлогч Х.Арман, хилийн 0165 ангийн
захирагч, хурандаа Р.Эрдэнэтогтох, Гаалийн газрын орлогч дарга Ж.Уламбаяр, БНХАУ-ын
талаас Алтай аймгийн Засаг дарга Женис Хадис,
Ерөнхий нарийн бичгийн дарга Азат Далел, Худалдааны тэнхимийн дарга Эркин Дуйсэн, Захиргааны гадаад хэргийн
хэлтсийн дарга Лю Гань, Улаан уул боомтын зөвлөлийн дарга Жоу Чунфэн, Гаалийн
газрын дарга Хуан чүн, Хуншаньзуй боомтын Хилийн орц, гарцын шалган нэвтрүүлэх
хэсгийн дарга Ли Жүнь фэн, Алтай хотын дарга Жэнисбек Хурман нарын албаны хүмүүс
оролцов.
Цахим уулзалтын
эхэнд хоёр аймгийн Засаг дарга нар
харилцан мэндчилж, орон нутгийн талаар товч мэдээлэл хүргэлээ.
Алтай аймгийн Засаг дарга Женис Хадис хэлсэн үгэндээ, “Өнгөрсөн есдүгээр сарын 15-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын хурлын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзсан юм. Хятад, Монгол, Орос гурван улсын төрийн тэргүүн нарын зургаа дахь уулзалтын үеэр хөрш зэргэлдээ бүс нутгийн эдийн засаг, худалдаа, аялал жуулчлал зэрэг салбарт хөршийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, гурван улсыг холбосон эдийн засгийн коридор байгуулах тухай зөвшилцлийг хэрэгжүүлэх санал дэвшүүлсэн. Энэ хүрээнд Алтай болон Баян-Өлгий аймгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Хятад-Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд хоёр аймаг эерэг хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна” хэмээн онцлов.
Уулзалтын үеэр
Засаг дарга нар хоёр аймгийн найрсаг харилцаа болон хамтын ажиллагааны түүхийг
дүгнэн ярилцаж, цаашид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, Шинэ
сэргэлтийн бодлогын хүрээнд Хуншаньзуй-Даянгийн боомтын үйл ажиллагааг
идэвхжүүлэх, хилийн боомтын нөхцөл байдал, нөөц бололцоо, боломжийн талаар
болон тээвэр, логистикийг талаар санал солилцов.
Мөн цаашид хоёр аймгийн хөгжил цэцэглэлийн төлөө идэвхтэй хамтран ажиллахаар санал нэгдлээ. Талууд уулзалтын үеэр гарсан саналуудыг хоёр улсын Засгийн газрын түвшинд танилцуулахаар тогтлоо.