Цахимжуулалтын өмнө төрийн үйлчилгээний давхардлыг арилгах нь чухал байна гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад хүнсний аюулгүй байдлыг хангах үүднээс ХАА-н салбарт мал эмнэлгийн үйлчилгээг цахимжуулах зорилтыг төр, засгаас тавьж байгаа. Энэ хүрээнд “Мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлоход тулгарч буй асуудал”-ыг өнөөдөр ХХААХҮЯ-нд хэлэлцэн, мал эмнэлгийн үйлчилгээг цахимжуулах талаар ярилцлаа.
Хэлэлцүүлэгт оролцогч ААН-үүдийн төлөөлөл төрийн үйлчилгээний зөвшөөрөл лиценз олголт дээр давхардал их буйг голлон хэлж байв. Мөн төрийн яам, агентлаг, үйлчилгээний байгууллага бүр өөрсдийн цахим системийг тус бүрдээ хөгжүүлээд буй ч тэдгээрийн хоорондын уялдаа холбоо чухал байгааг онцолж байлаа. Тодруулбал, тэдгээр системийг мөн цахим хэлбэрээр “Нэг цонх”-нд нэгтгэх шаардлагатай байна гэв.
Хэлэлцүүлгийг зохион байгуулагч талын нэг АТГ-ын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссор Х.Ихмөрөн оролцогчидтой санал нэг байгаагаа илэрхийлж, төрийн үйлчилгээг цахимжуулах нь хүнд суртал, чирэгдлээс гарах ганц гарц шийдэл бус, энд шат дараалсан үйл ажиллагаа явуулж байж шийдэл гарна гэдгийг тодотгосон юм. Эхний ээлжинд давхардаад буй төрийн үйлчилгээг нэгтгэх хэрэгтэйг чухалчиллаа.
Түүнчлэн экспортлогчдоос гарч буй санал хүсэлт, гомдлыг төрийн байгууллагууд хамтраад шийдэж болно. Төрийн албанд мөрдөгдөж буй ёсзүйн байдал, төрийн албан хаагчдын шударга, нээлттэй, ил тод үйл ажиллагаа нь төрийн үйлчилгээг сайжруулж, чанаржуулан цахимжуулахад чухал үүрэгтэйг тодотголоо.
Хэлэлцүүлгийг ХХААХҮЯ, Мал
эмнэлгийн ерөнхий газар, АТГ хамтран зохион байгуулж Цахим хөгжил, харилцаа
холбооны яам, Гаалийн ерөнхий газар, мэргэжлийн хяналт, Улсын мал эмнэлэг,
ариун цэврийн төв лаборатори, И-Монгол академи зэрэг байгууллага болон мал,
амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн экспортлогч 60 шахам ААН-ийн төлөөлөл
оролцлоо. Хэлэлцүүлгээр:
- хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспортыг
нэмэгдүүлэх,
- төрийн байгууллага хоорондын нэг цонхны үйлчилгээг
уялдуулах,
- мэдээллийн урсгалыг сайжруулж цахимжуулах,
- төрийн үйлчилгээг иргэн, ААН-д түргэн шуурхай, ил тод, хүнд суртал,
чирэгдэлгүй хүргэх талаар ярилцав.
Мал амьтны эрүүл мэндийг хамгаалах, худалдааны чөлөөт
байдлыг дэмжих зорилгоор Мал эмнэлгийн олон улсын экспортын гэрчилгээг 2022 оны
байдлаар 24 нэр төрлийн түүхий эд бүтээгдэхүүнийг 17 улсад экспортлон гаргах, нийт 1763 хүсэлтийг шийдвэрлэн
ажилласан талаар Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээлж
байв.
Экспортолсон нэрийн бүтээгдэхүүнийг дурдвал
энэ жил:
- ямааны ноолуур 5306 тонн,
- хонины ноос 3946 тонн,
- тэмээний ноос 1365 тонн,
- ямааны мах 639 тонн,
- адууны мах 632 тонн,
- хонины мах 1005 тонн,
- адууны шир 98.400
ширхэг,
- үхрийн шир 103.4 мянган ширхэг,
- ямааны арьс 680.3 мянган
ширхэг,
- хонины арьс 100.4 мянган ширхэгийг тус тус гаргажээ.