“Хүмүүн бичиг” сонины 30 жилийн ойг тэмдэглэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2022-11-01 16:52:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МОНЦАМЭ агентлагаас үндэсний монгол бичгээр эрхлэн гаргадаг “Хүмүүн бичиг” сонины 30, “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааны 25 жилийн ой энэ онд тохиож байна.


Ойн хүрээнд “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааны үе үеийн аваргууд, ахмад багш, судлаачдын уулзалтыг МОНЦАМЭ агентлагийн байранд өчигдөр зохион байгууллаа.

Энэ үеэр “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааны үе үеийн аваргуудад батламж, энгэрийн тэмдэг гардуулав. “Хүмүүн бичиг” сониноос уламжлал болгон явуулдаг энэхүү улсын уралдааныг 1997 оноос хойш тасралтгүй явуулж, Монгол орон даяар шилдгүүдийг тодруулжээ.

Шилдгээр шалгарсан оролцогчдод их сургуулийн дөрвөн жилийн төлбөр, насанд хүрэгчдийн ангилалд гадаадад аялах эрх зэрэг шагнал олгодог, улсын хэмжээний уралдаан юм.

“Хүмүүн бичиг” сонин анхны дугаараа 5000 ширхэг хэвлүүлэн 1992 оны 5 дугаар сарын 12-ны өдөр уншигчдын гарт хүргэсэн түүхтэй. Одоогоос 25 жилийн тэртээ тус сонины ахмад сэтгүүлч С.Цэцэгмаагийн санаачилгаар “Монголын сайхан бичигтэн” уралдааныг зохион байгуулж иржээ. Энэ хугацаанд тус уралдаанд давхардсан тоогоор 25 мянган хүн оролцсоноос 196 хүн аварга болсон бол 12 дугаар анги төгссөн нийт 84 хүн түрүүлж МУИС, МУБИС-д урилгаар элсэн суралцсан байна.

“30 жилийн хугацаанд “Хүмүүн бичиг” сонин 1308 дугаараа уншигчдад хүргээд байна. Энэ хугацаанд тус сонин нэг ч удаа эээлжит дугаараа таслаагүй гэдгийг” тус сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга Б.Элбэгзаяа тодотгосон юм.


Уралдааныг санаачлагч С.Цэцэгмаа хэлэхдээ,  “Анх 1996 онд “Хүмүүн бичиг” сонинд ажиллаж байх үедээ “Монголын сайхан бичгийн уралдаан” гэж санаачилж байсан. Ардчиллаас хойш монгол бичгийн анхны болоод хамгийн эхэнд гарсан энэхүү сонинд ажиллах хувь тохиосон юм. Тэгэхдээ олон түмнийг хэрхэн монгол бичигтэн болгох вэ, сониноо хэрхэн сурталчлах вэ хэмээн энэхүү уралдааныг санаачилсан. Тухайн үед “Хүмүүн бичиг” сонины эрхлэгч, МУСГЗ Т.Галдан уралдааны болзлыг дэмжсэн. Түүнээс хойш 25 жилийн хугацаанд уралдааны цар хүрээ монголд төдийгүй гадагшаа дэлгэрсэн байна. Уралдааныг жил бүр хүмүүс хүсэн хүлээдэг, монгол бичгийнхээ чиглэлээр “од” болсон уралдаан юм. Бүх насныхан олон зуун мянгаараа оролцож буй энэхүү уралдаан хамгийн өгөөжтэй, үр дүнтэй, хүнд хүрсэн ажил болсонд нь бахархаж, омогшиж явдаг” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.


Энэ үеэр Монгол Улсын гавьяат багш Д.Сайнтогтохоос дараах асуултад хариулт авав.

-Эдүгээ 30 жилийн ойгоо тэмдэглэж буй “Хүмүүн бичиг” сонины монголын соёл, боловсролд оруулсан хувь нэмрийг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Монгол бичиг бол Чингисийн үеэс улбаатай, үндэсний бичиг юм. Энэхүү эрхэм соёл нэг хэсэг тасалдсан. Засгийн газрын тогтоолоор кирилл бичиг хэрэглэн монгол бичгийг нэг үе хойш тавьсан. Харин 1990-ээд оны үеэс монгол бичгийг дахин сэргээх болсон. Хамгийн гол нь монгол бичгээр хэвлэгдсэн “Хүмүүн бичиг” сонин маш их үүрэг гүйцэтгэсэн. 30 жилийн хугацаанд “Хүмүүн бичиг” сониноо уншигч олон, сурагчид захиалснаар монгол орны өнцөг булан бүрт хүрдэг. Монгол бичгийг сурснаар хүүхдүүд чадваржих, хэрэглээнд орох талд маш их үүрэг гүйцэтгэсэн.

-Та багшлах хугацаандаа хэчнээн хүнд монгол бичиг зааж сургав?

-Би 40 гаруй жил монгол хэлний хичээл заасан. Сүүлийн 30 жилд монгол бичиг заалаа. Нийт 6000 орчим шавьтай, үүнээс 3000 шавьдаа монгол бичиг зааж, хос бичигтэн болгосон. Монгол хэл, соёл, монгол бичиг маань намайг Гавьяат багш болгосон гэж ойлгодог.

-“Монголын сайхан бичигтэн” улсын уралдаанд хэдэн удаа оролцож, ямар амжилт үзүүлж байв?

-Энэхүү уралдаанд нэг удаа түрүүлж, нэг удаа дэд байрт шалгарсан. Мөн гурав, дөрвөн удаа тусгай байр эзэлж, их эрдэмтэн, академич Ш.Лувсанвандан багшийн нэрэмжит шагналыг хүртсэн. Энэ бүхэн монгол бичгийн минь ач тус, алдвар гавьяа юм.

-Та хэдэн наснаасаа монгол бичиг сурсан бэ?

-Миний аав монгол бичиг мэддэг хүн байсан. Миний хувьд гуравдугаар ангид байхдаа монгол бичгээр хальт уншдаг байлаа. Дараа нь Шинэ-Идэр суманд дунд сургуульд ороход Монгол Улсын гавьяат багш Д.Батсуурь гэж мундаг багш манай ангийн багш болж таарсан. Д.Батсуурь багш маань монгол бичгийн дугуйлан ажиллуулдаг байсан. Тэгээд би тавдугаар ангиасаа монгол бичгээр чадваржиж, уншиж, бичдэг болсон. Дараа нь Мөрөн хотын 10 жилийн дунд сургуульд очиход н.Дорлиг гэж монгол хэлний багш намайг хувиараа олимпиадад их бэлддэг байсан. Тиймээс багаасаа монгол бичиг сурсны хүчээр өдий зэрэгтэй яваа болов уу.

-Монгол бичиг сурах гэж хичээж буй хүүхдүүдэд та юу захих вэ?

-Монгол бичгийг амжилттай сайн сурахад багшаас гадна өөрийн хичээл зүтгэл чухал. Монгол бичгээр бичсэн ном, товхимол, “Хүмүүн бичиг” сонин их унших хэрэгтэй. Мөн маш их хуулан бичлэг хийх ёстой. Тэгвэл бичгийн хэлбэр чадваржина. Түүнээс гадна монгол бичгээр бичсэнийг кириллээр галиглавал чухал. Кириллэээр бичсэнийг монгол бичгээр хөрвүүлэн кириллээс монгол руу, монголоос кирилл рүү буулгавал илүү үр дүнтэй.


Энэ үеэр үе үеийн аваргуудыг БШУЯ-ны “Үндэсний бичиг үсэгтүгээн дэлгэрүүлэгч” цол, тэмдгээр шагнаж урамшуулсан юм.







相关新闻