ДУНДГОВЬ: Аймгийн боловсролын чанарыг сайжруулах асуудлыг хэлэлцэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-10-31 14:28:28
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын “Оюунлаг” сургуулийн удирдлага, мэргэжлийн багш нарын баг Дундговь аймагт ажиллаж, 12 жилийн сургалттай сургуулийн багш нартай “Дундговь-Боловсролын чанар” уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулав.

Тус уулзалтад Сайнцагаан, Эрдэнэдалай, Дэлгэрхангай, Гурвансайхан сумын Ерөнхий боловсролын сургууль, Политехник коллежийн 130 гаруй багш нар хамрагджээ.  

10 дугаар сарын 06-нд тус аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат “Оюунлаг” сургуулийн ерөнхий захирал Д.Батсайхан нар Дундговь аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын чанарыг сайжруулах зорилгоор хамтран ажиллах гэрээ байгуулж, аймгийн багш нарын ур чадварыг нэмэгдүүлэхийн тулд урт болон богино хугацааны сургалтуудыг зохион байгуулах, элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж онооны үзүүлэлт, чанарыг ахиулах, шалгалтад  бэлтгэдэг арга барилыг орон нутагтаа нутагшуулахад хамтран ажиллахаар тохиролцсон.

Тиймээс дээрх уулзалт хэлэлцүүлэг нь тус аймаг дахь боловсролын чанарыг ахиулахын тулд хэрхэн хамтран ажиллахаа тодорхойлох зорилго бүхий санамж бичгийг хэрэгжүүлэх ажлын эхлэл болжээ.

Багш нараас ЭЕШ-д хүүхдүүдээ бэлтгэж буй мэргэжлийн багш нартай гэрээ байгуулан гэрээнд заасан аймгийн дундаж онооны болзлоо хангасан мэргэжлийн багийг урамшуулах, багш нарыг орон нутагт тогтвор суурьшилтай ажиллуулах, ЭЕШ-ын 10 хичээл тус бүрийн шалгалтын агуулга, хугацааг  нарийвчлан тодорхойлж, нэгдсэн график гарган аймгийн хэмжээнд мөрдүүлэх, хүүхдийн төрөлхийн өгөгдөл чадамжийг нээн илрүүлэх, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн генетик судалгаанд аймгийн бүх сургуулиудыг хамруулан зохих зөвлөмж, мэдээллээр хангаж ажиллах зэрэг саналыг аймаг сумын удирдлагууд, БШУГ-т хандан гаргажээ.

Мөн 9 дүгээр анги төгсөгчдийн мэргэжлийн чиг баримжааг 12 дугаар сард багтаан тодорхойлох судалгааг авдаг байх, мэргэжлийн багш нарын үнэлгээ дүгнэлтэд үндэслэн хичээл сонголт хийлгүүлж, эцэг эхтэй хариуцлагын гэрээ байгуулах, ЭЕШ-д сурагчдаа амжилттай бэлтгэж буй багш нарын сургалтын чанар, үр өгөөжийг харгалзан ур чадварын нэмэгдэл олгодог байхыг чухалчилсан байна.  

相关新闻