ТӨВ: “Хамтарсан баг”-ийн гишүүдийг чадавхжуулах бүсчилсэн сургалт болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-10-25 13:32:09

Төв /МОНЦАМЭ/ Сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн албан хаагч, “Хамтарсан баг”-ийн гишүүдийг чадавхжуулах баруун бүсийн сургалт Лүн суманд болж байна.
Тус сургалтад Лүн, Эрдэнэсант, Өндөрширээт, Аргалант, Баянхангай, Заамар сумын нийт 64 албан хаагч оролцож байна. Энэхүү сургалт нь гэмт хэрэг зөрчлийн нийгмийн хор аюулыг олон нийтэд таниулах ажлыг тасралтгүй явуулах, сумдын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, “Хамтарсан баг”-ийн удирдлага зохион байгуулалтыг сайжруулах, үүрэг оролцоог нэмэгдүүлэх, хохирогчдод үзүүлдэг үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх зорилготой.

Уг сургалтыг Төв аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас бүсчлэн зохион байгуулж байгаа бөгөөд зүүн бүсийн сургалт 10 дугаар сарын 28-ны өдөр Баяндэлгэр суманд болно. Тус сургалтыг зохион байгуулснаар сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, хамтарсан багийн ажлын уялдаа холбоо сайжирч, хамтарсан багийн гишүүдийг мэргэшүүлэх, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх хамтын ажиллагааг сайжруулах, тус багийн ажиллах нөхцөлийг сайжруулах, чанар хүртээмжийг дээшлүүлэн гишүүдийг чадавхжуулна гэв.
Хамтарсан багийн гишүүд нь гэр бүлийн болон хүүхдийн эсрэг хүчирхийллээс хамгаалах, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн дагуу хохирогч , түүний гэр бүлд үйлчилгээ үзүүлдэг байна.

Төв аймгийн хэмжээнд энэ оны байдлаар гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 37, зөрчил 225 бүртгэгдсэн байна. Зөрчил өмнөх оны мөн үеэс 25 хувиар өссөн бөгөөд дуудлага мэдээллийн дагуу 188 хүнийг баривчилж арга хэмжээ авсан. Гэр бүлийн хүчирхийлэл нь эрх мэдлийн тэнцвэргүй байдлаас үүсэж байна гэдгийг албаныхан онцоллоо.
Хүчирхийлэл үйлдэхэд нөлөөлж буй хүчин зүйл нь согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэлзүйн хувьд тогтворгүй байдал, ядуурал зэрэг байдаг байна.

相关新闻