ДОРНОГОВЬ: Хэрэглэгчдэд үйл ажиллагаагаа сурталчлав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ард иргэд, аж ахуйн нэгжийг ус дулаанаар хангадаг "Чандмань-Илч" ОНӨХХК-иас "Хэрэглэгчээ сонсъё" нээлттэй хаалганы өдөрлөгийг энэ оны 10 дугаар сарын 21-нд "Соёмбо" цогцолборт зохион байгууллаа.
Уламжлал болгон зохион байгуулдаг өдөрлөгийн хүрээнд ус, дулааны үйлчилгээний үнэ тариф, үзүүлж буй үйлчилгээний чанар, төлбөртэй холбоотой санал гомдлыг шийдвэрлэснээс гадна ажлын байрны мэдээлэл авах, анкет бөглөх, зөвлөгөө зөвлөмж авах, дуудлагын үйлчилгээг үнэ төлбөргүй авах зэрэг үйлчилгээг хэрхэн авах талаар албаныхан тодорхой мэдээлэл өгчээ.
Мөн тухайн сарын төлбөрөө хугацаанд нь төлснөөр ирэх сарын халаалтын төлбөрөөс 20 хувийн үнийн хөнгөлөлт эдлэх, азын сугалаанд хамрагдах боломжийг бүрдүүлжээ.
Тус компани Сайншанд сумын дөрөвдүгээр багт “Эх үүсвэр-3” буюу 10,5 г/калл дулааны зуух барих ажлыг гардан гүйцэтгэж буй бөгөөд шинээр ашиглалтад орсон Сайншандын цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг хариуцан ажиллаж байна..